“Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулах, тэдний туршлага, ололт амжилтыг олон нийтэд таниулах зорилго бүхий “Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагад шагнал гардуулсан юм. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Багшийг хөгжүүлэх, ажлын байрны ур чадварыг нь сайжруулах дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг гэж байдаг. Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар мэргэжил болон заах арга зүйд сайн суралцсан 488 ажилтныг тус мэргэжлийн хөгжлийн бүлэгт оруулж, ажлын байранд бусад багш нартаа үлгэр дуурайлал үзүүлж, хөгжүүлэх ажлуудыг үе шаттайг зохион байгуулж байна. Өнөөдөр бид мэргэжлийн хөгжлийн бүлгээс бусдыгаа манлайлсан багш, сурган хүмүүжүүлэгч болон сургуулийн орчин, сургалтын хөтөлбөрөө хөгжүүлж, амжилттай удирдаж байгаа удирдлагуудыг урамшууллаа. Нийслэл Улаанбаатар хот ногоон ирээдүй рүү зорьж байгаа. Тиймээс сургууль цэцэрлэгийн орчныг ногоон байгууламжтай болгох, хамгийн их арчилгаа хийж сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлж буй багш, сурган хүмүүжүүлэгч, байгууллагуудаа шагнаж байна” хэмээсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1000 гаруй сургуууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт 40 мянган багш, ажилтан ажиллаж, 560 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхэд бүрийг ая тухтай суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ жил нийслэл болон Боловсролын яамнаас 168 сургууль, цэцэрлэгийн барилгын төслийг хэрэгжүүлж байна. Үүний 89 төсөл, арга хэмжээ нь улсын төсвийн эх үүсвэртэй, 50 барилгыг нийслэлийн хөрөнгөөр, 12 барилгыг дүүргийн хөрөнгөөр, 14 барилгыг Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар болон бусад хэлбэрээр барих юм. Эдгээр төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр багш нарын хүртээмжийг нэмэгдүүлэх, нэг ангид ногдох сурагчдын тоог багасгах ач холбогдолтой юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх