Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд манай улсын Ерөнхийлөгч сиймхий л гарвал ард түмэнд таалагдах популист үйлдэл ихээр гаргах болов. Тэрбээр энэ удаад коронавирусын хөл хорионы үеэр өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд гаргасан билээ. Тэгэхдээ 200.000 төгрөгийг бэлнээр өгч бусад мөнгөнд нь үндэсний үйлдвэрийн хэрэгцээт барааг өгөх тухай тодорхой дурджээ.
Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөх саналыг нь судалгаагүй, хэрэгжих боломжгүй гэж мэдэгдсэн.
Ер нь бол өрх бүрт нэг сая төгрөг өгч болох байсан их төсвийг нэгхэн өрх авчихсан дуулиант хэргийг эргэн санацгаая.
Тэр бол Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа төмөр зам бариулах нэрийдлээр их хэмжээний мөнгө завшиж оронд нь шороо овоолсон илбийн гэмээр дуулиант хэрэг.
Уг Төмөр замын гэх хэрэг шүүхэд шилжсэн байсан ч шүүх хурлыг нь хойшлуулсаар байгаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон байдаг. Ингэж тухайн үеийн яллагдагч Х.Баттулгыг Монголчууд Ерөнхийлөгч болгочихсон. Түүний дараа уг хэрэгт холбогдож удаа дараа цагдан хоригдоод байсан Б.Батзаяа хэргээс мултраад одоо “ТАВАН НҮДЭН БРЕНД”-ийн бизнес хийж болсон билээ. Харин бусад холбогдогч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нар хилийн чанадад гарч зугтаад интерполоор эрэн сурвалжилж байсан ч эдүгээ мөн л замхарсан.
Түүнтэй холбогдох 280 сая доллар нь 799 тэрбум 400.000 төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг Монголын нийт 897.000 өрхөд хуваах юм бол нэг өрхөд 891.192 төгрөг ногдоно гэсэн үг.
Төр суйлуулсан 280 сая долларынхаа хойноос нэхэн очих цаг ирнэ гэж иргэд найдна.
Нийт 0