Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ.
Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж, хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж, явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байна. Энэхүү зохион байгуулалтыг хийснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй байх боломж бүрдэж байна.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Улаанбаатар хотод нийтдээ гэрлэн дохиогоор зохицуулагддаг явган хүний уулзвар 50 гаруй байдаг. Эхний ээлжинд явган зорчигчийн хөдөлгөөн багатай, товчлуур суурилуулж болохуйц долоон байршилд дохиоллыг байршуулсан. Ер нь цаашид явган зорчигчийн хөдөлгөөний эрчим багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байршлуудад нэмэж тавихаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулсан байна.
Нийт 0