Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж шаардлагатай үүрэг, чиглэлийг өглөө.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын /баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна.
Харин тус багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49,93 хувьтай хийгдэж байна. Ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.
Гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальтбетон хучилтыг тавдугаар сарын 20-н гэхэд эхлүүлнэ. Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа сайдад тайлбарлав.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан. Дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж багц 2 дугаар хэсгийн /Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам/ гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн.
Арж капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр хэлэхдээ, хоёрдугаар хэсгийн ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Нийтдээ 300 гаруй ажилтан, 8 үйлдвэр завод, 90 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна. Гэрээ байгуулснаас хойш 3,9 км асфальтбетон, 9,5 км замд суурийн ажлыг хийгээд байгаагаа дуулгалаа.
Харин хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр ажиллаж буй Жунмей инженеринг групп ХХК-ийн ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй Арж капитал ХХК-д 7 дугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн.
Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй Жунмэй ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч ирэх 7 хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв.
Нийт 0