“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон, Булган аймагтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Үйлдвэр байгуулагдсан цагаасаа Орхон аймагтай хамтарч, орон нутгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсаар ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, экологи, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаж байна. 2019 онд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд туссан 13 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхэд уурхайчид хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү мөнгөний ихэнхийг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зориулжээ. Түүнчлэн Эрдэнэт хотын орон сууцны 1А хорооллын дэд бүтэц инженерийн шугам сүлжээг барьж байгуулах хөрөнгө оруулалтад 12,5 тэрбум төгрөг олгосон байна. Эрдэнэт үйлдвэр Булган аймагтай 2016 оноос хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, түүхт ойн жилд нь нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Түүнээс хойш жил бүр 500 сая төгрөг, энэ онд 700 сая төгрөгийг тус аймгийн бүтээн байгуулалтад зориулжээ. Эрдэнэт үйлдвэрийн дээрх хөрөнгө оруулалтаар Тэшиг суманд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген аппаратыг шинэчлэх аж. Цар тахлын дэгдэлт, зэсийн үнийн тогтворгүй байдал нүүрлэсэн хэдий ч Эрдэнэт үйлдвэр уламжлалт хамтын ажиллагаагаа ийнхүү бататган ахиулсаар байна.
Нийт 0