Автобус баазуудыг нэгтгэж, шинэчлэн зохион байгуулна

Автобус баазуудыг нэгтгэж, шинэчлэн зохион байгуулна

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа.

2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авах ажлыг эхлүүлсэн. Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулж, гурван ОНӨААТҮГ болгохоор НИТХ-аас шийдвэрлэлээ.

Тодруулбал,

-Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,

-Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,

-Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,

-Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх

-Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх