Иргэний нисэхийн үндэсний төв өөрийн харьяа 19 нисэхийн буудлын хамт Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн бүрэлдэхүүнд гишүүнээр элсэж улмаар Ази, Номхон далайн бүсэд харьяалагдан үйл ажиллагаанд нь оролцдог боллоо.
Олон улсын дээрх байгууллагын гишүүн болсноор ИНҮТ-ийн удирдлагууд Олон Улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Стефано Барончитой цахим уулзалт хийж “Ковид-19” тахлын эсрэг вакцин, шинжилгээ, бусад улс орон дахь хорио цээрийн талаарх хамгийн сүүлд хийж буй судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл авч харилцан санал солилцлоо.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл”/Airport Health Accreditation programme/ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ийн Нисэхийн салбарын үйл ажиллагааг дахин сэргээх ажлын хэсгээс гаргасан зөвлөмж болон цар тахлын эсрэг нисэх буудлуудаас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн арга хэмжээнүүд нь хэрхэн уялдаж байгааг үнэлдэг хөтөлбөр юм.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын нисэх буудлууд ковидын эсрэг хэрэгжүүлж буй шилдэг туршлагуудаасаа хуваалцдаг чухал ач холбогдолтой.
Тиймээс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын нисэх буудлууд Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ийн зөвлөмжийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаснаар зорчигч, үйлчлүүлэгчид нисэх буудлын үйлчилгээнд итгэлтэй, сэтгэл ханамжтай байх баталгаа болж өгөх юм.
“Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” хөтөлбөрт бүс нутгийн бүх нисэх буудлууд сайн дурын үндсэн дээр нээлттэй хамрагдах эрхтэй. Ази, номхон далайн бүс нутгийн нисэх буудлуудаас Инчеон олон улсын нисэх буудал хамгийн түрүүнд буюу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын нисэх буудлуудын зөвлөл(ACI)-өөс магадлан итгэмжлэлээ авсан байна.
Харин манай улсын хувьд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн бүрэлдэхүүнд гишүүнээр элссэн нь саяхан баталгаажиж, улмаар Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлээ авахаар бэлтгэж байна.
Ташрамд сонирхуулахад, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/Airports Council International/ нь дэлхийн нисэх буудлуудын цорын ганц худалдааны төлөөлөл бөгөөд анх 1991 онд байгуулагдсан. ACI нь нисэх буудлын ашиг сонирхлыг Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай, тухайлбал ICAO-т төлөөлж, нисэх буудлын стандарт, бодлого, зөвлөмжийг боловсруулж, дэлхийн өнцөг булан бүрд стандартыг өсгөх мэдээлэл, сургалтын боломжоор хангах үйл ажиллагаа явуулдаг.
ОУНБЗ-ийн Удирдах Зөвлөл /ACI World/ нь Канадын Квебек мужийн Монреаль хотод байрладаг, Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай (ICAO) өдөр бүр хамтарч ажилладаг бөгөөд Агаарын тээврийн үйл ажиллагааны бүлгийн гишүүн юм. Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд дэлхийн улс орнуудын нийт 641 нисэх буудлын операторууд багтдаг. Тэдгээр нь дэлхийн 176 орны 1957 нисэх буудлуудыг төлөөлдөг юм.
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар нь 1995 онд Олон улсын нисэх буудлуудын зөвлөлд анх гишүүнээр элсжээ
Нийт 0