ИНЕГ- аас орон нутгийн нисэх буудлуудыг шаардлагатай боловсон хүчнээр хангах үүднээс Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран дотооддоо нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчийг өнгөрсөн оны 12 дугаар сард сонгон шалгаруулсан бөгөөд Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан “Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын эхний хэсэг болох онолын хэсгийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд цахимаар зохион байгуулсан юм. Өнөөдөр сургалтын 2 дахь хэсэг болох дадлагажуурын сургалт эхэлж байна. Энэхүү сургалт тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Амжилттай төгсөгчид Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Аэродромын нислэгийн удирдагчийн гэрчилгээтэй төгсөж, орон нутгийн нисэх буудлуудад ажиллахаас гадна дараа дараагийн сургалтуудад хамрагдах боломжтой болох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор “Буянт -Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, нисэхийн сургалт явуулах зэргээр ашиглахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулснаар “Буянт -Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудал, сургалтын чиглэлээр ашиглах Засгийн газрын тогтоол албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.
Сургалтын нээлтийн үеэр ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал “Нислэгийн удирдагч гэдэг мэргэжлийг Монгол залуус хямд үнээр эх орондоо сурах боломж өнөөдрөөс нээгдэж байна. Өмнө нь Тайландад очиж суралцдаг байсан бол одооноос эх орондоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт авч, нисэхийн нарийн мэргэжил эзэмших боломжтой боллоо. Нэг хүн гадаадад суралцаж, нарийн мэргэжил эзэмшихэд 50 орчим сая төгрөг зарцуулдаг байсан бол дотооддоо бэлтгэснээр энэ дүн 15-18 сая төгрөг болж буурч байна” гэлээ.
Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын багш нарын дарга Теппибүүн Чинапорн хэлэхдээ “Иргэний нисэхийн салбар аюулгүй ажиллагааг үргэлж нэг дугаарт тавьдаг. Тиймээс бид энэхүү нарийн мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаандаа удаан хугацаанд бэлтгэгдэж ирсэн. Монгол талын бэлтгэл ч сайн байна. Нисэхийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт маань үр дүнтэй, чанартай болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
“Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын суралцагч Т.Билгүүн “Ковидоос шалтгаалаад Тайландад очиж, хичээллэхэд хүндрэлтэй энэ үед Монгол улсдаа нарийн мэргэжил эзэмших сургалтад хамрагдаж байгаадаа баяртай байна. Бас маш их хариуцлага бидэнд ноогдож байна. Тиймээс хичээнгүйлэн суралцах болно” гэлээ.
Нисэхийн сургалтын төвөөс энэхүү сургалтын шаардлагыг хангасан орчинг бүрдүүлж, дадлагажуур болон анги танхимыг бэлтгэжээ. Сургалтыг Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн багш нар тухайн төвийн сургалтын хөтөлбөрөөр явуулж байна.
60 жилийн түүхтэй Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төв нь зөвхөн үндэсний төдийгүй, бүс нутгийн агаарын тээврийн салбарын хэрэгцээг хангахуйц өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэдэг, нэр хүндтэй нисэхийн сургалтын байгууллага юм. Өнгөрсөн жил Олон улсын Иргэний нисэхийн байгууллагаас Бүсийн шилдэг сургалтын байгууллагаар шалгарсан байна.
Нийт 0