АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамтаар аялал, жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгарч буй асуудлуудыг сонсож, шийдэл гаргах боломжийн талаар уулзалт зохион байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл өнөөдөр /2022.05.03/ хуралдлаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ, МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК,  Изинис эйрвэйз ХХК гэсэн үндэсний авиа компанийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг хэлээд, тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч, шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.

Жуулчин тээвэрлэх боломж бүрдүүлэх зорилгоор МИАТ ТӨХК зургадугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт 5 удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна.  Мөн Улаанбаатар-Истанбул чиглэлд  нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн жуулчин тээврийн нислэгийг сэргээх, тогтворжуулах арга хэмжээ авч, тулгамдаж буй санхүүгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах боломжийн талаар хэлэлцэв. 

Харин орон нутгийн таван чиглэлд Аэро Монголиа ХХК дангаар нислэг үйлдэж байгаа. Хүннү Эйр ХХК 2022 оны 7,8 дугаар сард Мөрөн, Өлгий, Даланзадгад чиглэлд долоо хоногийн 2 удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Зуны цагийн хуваарьт Даланзадгад, Хөвсгөл чиглэлд өдөр бүр, Өлгий, Ховд, Увс, Улиастай чиглэлд  долоо хоногт 3-аас доошгүй нислэг үйлдэж, үнэ болон хуваарийг эцэслэх хүсэлт гаргалаа.

Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй. Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах чухал шаардлагатай байгааг Аэро монголиа компанийн төлөөлөл хэлэв.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх