Тэрбээр энэ удаа WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан, одоо WBC-ийн чансаанд 57,2 кг-ын жинд хоёрт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдах бөгөөд тулаан 2019 оны нэгдүгээр сарын 26-нд буюу 10 хоногийн дараа 17000 хүний суудалтай алдарт "Barclays Center” ордонд болно. Мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдан 10 удаа ялсан (9 КО) Төгсөөгийн хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг нь байх нь тодорхой. Учир нь Төгсцогт-Маррерогийн "дуэль"-д хэн ялсан Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болох юм.
Клаудио Марреро Гузман нь энэ жил 29 настай, Доминиканы боксчин. Биеийн өндөр 173 см. Гарын алд 174 см, солгой. Сонирхогчдын боксоор 2008 оны Олимпийн наадам, 2007, 2009 оны Дэлхийн АШТ-д оролцож байсан. 2007 оны Пан Америкийн наадмын мөнгөн медальтай. 2010 оноос мэргэжлийн боксын рингэнд хүч үзэх болж, нийтдээ 25 тулаан хийснээс 23 ялж (17 КО), хоёр удаа ялагдсан. 2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болж, хоёр удаа аварга цолоо хамгаалж байж. 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO-ийн аварга болж, дараагийн тулаанд бүсээ алдсан. Хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сард тулаан хийж өрсөлдөгчөө эхний раундад нокаутаар ялжээ. Одоогийн байдлаар WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна.
Нийт 0