БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙД ФИЛИПП МЭРЛИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙД ФИЛИПП МЭРЛИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин:  “Франц улсын хувьд Монгол улсын Байгаль орчны салбарт багагүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгын асуудал, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, тахийг дахин нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг Франц улсын төрийн болон Төрийн бус байгууллагуудаар дамжин хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүнтэй урагшилж байгаад бидний зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.”

Уулзалтын үеэр элчин сайд Филипп Мэрлин Д.Сарангэрэл сайдаас МУ-ын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Парисын гэрээтэй холбоотой тодорхой тусгагдсан ажлууд байгаа эсэх болон агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг тодруулан асуусан юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол улсын Засгийн газар Парисын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор эрчим хүч, байгаль орчны салбарт томоохон шинэчлэлтүүдийг хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тусгаад байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг дэмжсэн ажлуудыг ч багагүй хийж байна. Монгол улс сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Бид энэ амжилтаа 80 хувь болгох том зорилтыг тавин ажиллаж байна. Агаарын бохирдлоос салах хамгийн үр дүнтэй арга бол иргэдийг орон сууцжуулах юм. Энэ бол бидний хэтийн зорилго. Одоогоор хамгийн боломжтой богино хугацааны арга бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх явдал юм. Бид сайжруулсан шахмал түлшний 1 үйлдвэртэй байсан бол одоо 2 болж байна. Энэ нь агаарыг бохирдлыг буруулахад том дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Цаашид аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдын шөнийн тарифыг тэглэхээр ажиллаж байна.” гэлээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх