УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн төслөөр уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулж байгаад олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ хуулийн төслийг хэр дэмжиж байгаа вэ?
-Усгүйгээр уул уурхай, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, хүн амьтан гэж байхгүй. Тиймээс усыг хэрхэн зохистой хэрэглэх вэ гэдэг нь хуулийн гол агуулга. Ер нь бид газрын доорхи усыг дуусахгүй юм шиг ашиглаж, хэрэглэж ирсэн хүмүүс шүү дээ. Жишээлбэл, Улаанбаатар хотынхон хоногтоо Туул гол дагуух гүний худгаас 200 сая литр усыг соруулж аваад дахин ашиглахгүйгээр умбуур бодис, хогийг нь шүүсэн болоод Туул гол руу цутгаж байна. Улмаар усны дээд эх үүсвэр буюу Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокоос дээшээ Туул гол дагуух гүний худгийн ус шавхагдсан байна. Монгол улсын хувьд зуны хэдхэн сардаа Газрын доорхи ус хур борооны өгөөжөөр 10 хан хувиар нөхөгдөж бусад 90-н хувь нь урсаад хил гараад явчихдаг. Туул голын сав газраас газрын доорхи усыг өдөрт 200 сая литрээр хэрэглээд байгаа нь хур борооны нөхөгдлөөс их хэмжээгээр олборлож байгаа ийм учраас Туул гол тасалдаж байгаа юм. Тэгэхээр энэ нь аюулын харанга дэлдсэн гэсэн үг.
-Ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулах нь зөв үү, буруу юу?
-Ажлын хэсгийнхэн судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж л ярьж байгаа байх. Нөгөөтэйгүүр бид хариуцлагыг ярихаас өөр аргагүй. Ус бохирдуулчихаад хариуцлага хүлээхгүй үлддэг үеийг ардаа орхих хэрэгтэй. Хариуцлага, татвар, нөхөн төлбөр тооцохдоо усыг юугаар буюу ямар хортой бодисоор, ямар хэмжээтэй бохирдуулсан бэ гэдгээс хамаарах нь зөв. Олон улсад ингэж тооцдог. Хоруу чанар ихтэй их хэмжээгээр бохирдуулсан бол хариуцлага өндөр байна. Хэрвээ дундын цэвэрлэх байгууламж буюу өөрийнхөө хэрэглэсэн усыг өөрөө цэвэрлэж дахин ашиглаж, стандартад нийцсэн усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бол дэмжин урамшуулж, шууд бохироо нийлүүлж байгаа бол хариуцлага ярих шаардлагатай байгаа юм.
-Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол нөхцөл байдал арай дээрдэх байх?
-Төв цэвэрлэх байгууламж үнэхээр хэцүү нөхцөлтэй ажиллаж байгаа саяхан Төв цэвэрлэх байгууламжид хүний нүд сохорсон, ажилчид осолдож нас барлаа. Анх л монголчууд цэвэр усаа крантнаас авч паалантай жорлонд сууж эхлэхэд байгуулагдсан. Цагийн явцад бага зэрэг засвар, өргөтгөл хийсэн. Өнөөдрийн Улаанбаатар хотынхны бохир усыг цэвэрлэж дийлэхгүй байгаа. Цэвэрлэх байгууламж руу арьс ширний үйлдвэрүүдийн химийн хорт бодис, автомашины угаалгын бохир зэрэг олон төрлийн химийн хор нийлүүлэгддэг. Цэвэрлэх байгууламж анхнаас нь ийм их бодис, хорыг цэвэршүүлэх зориулалтаар бариагүй. Зөвхөн биологийн цэрэвлэгээ хийхээр баригдсан. Тиймээс одоо том хогийг шүүж авч ялгачихаад усанд ууссан химийн бодис, биологийн идэвхитэй хортой элментийн тэр чигээр нь Туул гол руу цутгаж хаядаг. Харин 2.5-3 жилийн дараа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн түлхүүрийг гардуулах байх. Хятадын хөнгөлөлтэй зээлийг өөр зүйл зарцуулах гэрээг /Эгийн голын УЦС гм/ Улсын Их Хуралд танилцуулж байхад УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн Ахлагч миний бие бусад гишүүдтэйгээ хамтран Туул голын бохирдол гэж тэмцэж ярьсаар байгаад Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид зарцуулахаар шийдвэр гаргасан юм. Гэхдээ үүний дараа Туул голын бохирдол, асуудал алга болохгүй. Голын ёроол хурдсанд бохир лаг, хүнд металл тунасан байна. Тэнд бохирдсон өвс ургамал, хөрс бий. Голоос ундаалж хордсон олон хүн, амьтныг яах вэ. Ингээд л асуудал гарч ирнэ. Үндсэндээ бид Туул голд хорлон сүйтгэх ажиллагаа явуулчихжээ. Үүнийхээ горыг бид эргээд амсана. Тиймээс том бодлогоор голоо цэвэрлэж, хүн, малынхаа биед тандалт судалгаа хийхгүй бол болохгүй. Хустайн байгалийн цогцолбор газрын амьтад бас Туулаас ундаалж байгаа хордож байгаа нь тодорхой бөгөөд Японы ард түмэн монголоос ирсэн шороонд хордож байна гэж олон жил ярьж байгаа. Японы Засгийн газраас санхүүжүүлж Туул голын бохирдолтой хэсгээс судалгаа шинжилгээ хийсэн байна. Тэр судалгаагаар ус хөрсөнд маш бага байх заалттай хэдэн саяны нэг хувиар байх боломжтой хими, биологийн 15 хортой элементыг илрүүлжээ. Монголын нэр бүхий эрдэмтэд үүнийг илрүүлсэн байгаа. Энэ биологийн элементүүд нь амьд амьтны ам, хамраар орж, арьс нүд, таван цул эрхтэн генед нь нөлөөлж мутацид орж байна.
-Туул голын асуудлаар та нэлээд ярьж байгаа. Энэ голын асуудлыг нааштай шийдвэрлүүлж байгаа ажил байна уу?
-Би яагаад Туул голыг ярьдаг вэ гэхээр нэгдүгээрт, миний сонгогдсон тойргийн сумдын хүн ард, мал амьтан энэ голоос ундаалж байна. Хоёрдугаарт, энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болчихоод байна. Тиймээс Туул голыг тусгай хамгаалалтад авах, цаашдаа дархан цаазтай болгох талаар ажлыг өрнүүлж ажиллаж, ажлын хэсгийг ахалж байгаа. Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар гээд хордоод олон жил боллоо. Туул голыг тодорхой түвшинд тусгай хамгаалалтанд авах УИХ-ын тогтоолын төсөл Засгийн газрын санал дүгнэлт аваад явж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн ажил эхэлчихлээ. Одоо харин Туул голын урсац, газрын доорхи цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг анхаарч судалж байгаа бөгөөд Туул голд урсац тохируулгын усан сан байгуулах, далан барих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хэрэв цэвэр усны хомсдолд орвол Улаанбаатар хот хүнд байдалд орно. Америкийн нэгдсэн улстай монгол улс байгуулдаг мянганы сорилтын контакт гэрээний эхний ээлж сайн хэрэгжсэн бөгөөд дахин хоёр дахь контакт гэрээг байгуулах хүсэлтээ монголоос илэрхийлэхдээ Улаанбаатар хотын усан хангамжид анхаарах шаардлагатай талаар Э.Содонтогостой ярьж байсан. Энэхүү гэрээ бас байгуулагдаж ажил эхэлж байгаа гэхдээ миний хувьд урсац тохируулгын далан барьж усан сан хийвэл зүгээр гэж холбогдох эрх бүхий хүмүүст хэлж, бичиг өгч байсан боловч Америкийн талаас тодорхой нөхцөл тавьж Туул голын газрын доорхи цэвэр усны доод эх үүсвэрт 50 худаг шинээр гаргах, ашигласан усаа дахин цэвэрлэж цахилгаан станцдаа дахин ашиглах ажилд зарцуулахаар болсон.
-Туул голыг тусдаа хуультай болгоно гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Засгийн газраас УИХ-д удахгүй өргөн барих байх. Учир нь хэн нэгэн УИХ-ын гишүүн дураараа координат тогтоогоод газар нутаг, нуур усыг тусгай хамгаалалтанд авч болохгүй хуулийн зохицуулалттай. Гүйцэтгэх засаглалаас Яам, мэргэжлийн агентлаг, орон нутгийн иргэд, удирдлага ажиллах шаардлагатай юм билээ. Туул голыг бие даасан хууль, тогтоолтой болгож, тусгай хамгаалалтад авна. Ажлын хэсгийн дүгнэлт нь гарчихсан тогтоол төслийн хэлбэрээр бэлэн болчихсон байгаа.
-Та Байнгын хорооны хурал дээр Туул голын загас бүгд охин сүвтэй байна гэж ярьсан. Энэ ямар учиртай юм бэ. Судалгаа, дүгнэлт байна уу?
-Ажлын хэсгийнхэн, судлаач, мэргэжилтнүүд ийм дүгнэлт гаргасан. 2017 онд миний бие “Ус ба хууль” сэдвээр олон эрдэмтийг Худалдаа аж үйлдвэрийн танхимд цуглуулж хэлэлцүүлэг, бодит баримт фактыг ярьсан юм. Бохирдлоос болоод Алтанбулаг сумаар дайран өнгөрөх Туул голын эрэг, хөрснөөс биологийн органик нэгдэл бохирдол элемент илэрсэн. Тэрний нэг нь эстрогенийн /эм даавар/ элемент юм гэсэн. Эстрогенийн нөлөөллөөр голын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг юм билээ. Цэвэр усны загас ховордож бохир усны загас үржиж, бидний мэдэхгүй загас, бичил биет байгаа гэсэн. Энэ эс амьд амьтанд зохистой хэмжээгээр байхаас ихээр илэрвэл хорт хавдрыг дэмждэг юм гэсэн. Хүнсэнд, хөрсөн байвал аюултай гэж ХААИС-ийн Экологийн төвийн эрхлэгч доктор, профессор Ж.Ундармаа эрдэмтэд ярьсан. Өөр нэр усыг нь сонсоогүй миний мэдэхгүй элементүүд хэлж байсан. Ер нь, загасны сүв өөрчлөгдөх процессыг загас тэжээдэг хүүхдүүд ч мэднэ л дээ. Аквариумны ус бохирдоход загасны сүв өөрчлөгддөг. Тэгэхээр загас бохир усанд үхэхээс өмнө тэнд мутац явагдаж байна гэсэн үг. Үүнийг манай ажлын хэсгийнхэн баримтат нэвтрүүлэг хийж, үзүүлэх байх аа. Агаар, хөрс, хүнсний өөрчлөлт, бохирдлоос болж амьд амьтад өвчлөмтгий, генийн өөрчлөлтөд орох бол энүүхэнд. Хүн амын эрүүл мэндийн асуудал хүндэрч агаар, хөрс, усны бохирдлоос үүдэж олон төрлийн өвчлөл нэмэгдэж, эх хүүхэд эндэх, хөгшин залуугүй хортой болон хоргүй хавраар өвдөж, дайн үймэнтэй улс оронд байгаа шиг үхэл хагацал бидэнд тохиож байна. Амьсгалын тогтолцооны эмгэг өвчлөл, нөхөн үржихүйн тогтолцооны өвчлөл, мэдрэлийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөл, ходоод, гэдэс, улаан хоолой, элэгний өвчлөл эрс ихэссэнийг Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хорооны мэдээ, эмнэлгийн ачаалал зэргээс харж болно. Бас зан байдалд өөрчлөлт орж байна.
-Туул голын бохирдолд цэвэрлэх байгууламжийн бохироос гадна юу илүүтэй нөлөөлж байна вэ?
-Хүмүүс одоогоор ярихгүй л байна. Одоо ноцтой, аюул нүүрлэсэн зүйлсийг ярих болно. Бид бүхний буруутай үйл ажиллагаанд Туул гол нэрвэгдэж байна. Туул гол Горхи тэрэлжээс эхэлж бохирдож байгаа. Тэрэлж голын татамд аялал жуулчлалын зориулалтаар олон зөвшөөрөл олгочихсон. Тэнд нүхэн жорлон барьж, гол усны бүсэд бие засч байна. Наашлаад Гачуурт, Хужирбулан, Улиастайд их бохирдож байгаа. Тэнд хүмүүс хогоо гол руу хаячихдаг. Туул голд цутгадаг голууд ихээр бохирдсон. Үүнээс гадна нийслэлийн 220 мянга гаруй айл нүхэн жорлонтой. Зарим айл нь хашаандаа нүхэн жорлон барих зайгүй болчихсон. Энэ бүх бохир газрын гүнээрээ дамжиж голын ус руу орж байгаа. Манай улс жилийн дөрвөн улиралтай тулдаа тэсэж байна. Дулаан орон шиг байнгын нэмэх градустай байвал Улаанбаатарчууд бид 2-3 жилийн дотор үхнэ. Мөн бид талийгчаа оршуулахдаа шууд газарт нь өргөдөг. Тэр дунд хүнд өвчнөөр нас барж байгаа хүн олон бий. Цогцос газарт задралд орж, борооны усаар угаагдаж, хөрсөнд шингэдэг. Хөрснөөс гадаргын усанд орж, улмаар гүний усанд нэвчинэ. Улаанбаатар хотын төв нам дор газар байдаг. Ийм л байдлаар нийтээрээ хордож байна даа. Бусад улс оронд талийгаачийнхаа цогцсыг хөрсөнд задралд оруулахгүй гэж газраа цементэлдэг юм билээ. Манайд үүнийг дорвитой шийдэхгүй болохгүй. Цаашлаад Биокомбинат, Шувуун фабрик орчимд Төв цэвэрлэх байгууламжийн бохир нэмэгдэж байна. Төв аймгийн Алтанбулагт л гэхэд сумын төвд нь амьсгалах аргагүй байдаг. Харин сумынхан тэнд насаараа амьдарч байна шүү дээ. Туулаас ундалж, голоор гарсан малын арьс өмөрч унаж байна. Туул голын усаар тэжээгдсэн ногоо цагаа, үр тариаг хэрэглэхийг хориглож чадаагүй. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой хор хохирол үүссэн гэж үзэж болохоор байна.
-Туул голын усаар тэжээгдсэн ногоо, үр тариаг ашиглаж болохгүй гэсэн судалгаа гарсан юм уу. Үүнийг тодруулахгүй юу?
Генийн өөрчлөлтэй хүнс ногоо жимсийг хэрэглэж болохгүй гээд Дэлхий нийтээр ярьж байна. Туул, Орхон, Сэлэнгэ гээд гол, мөрнөөс тариа ногоогоо усалж байгаа шүү дээ.
Энэ асуултад хариулж өгөөрэй. Баярлалаа
Нийт 0