“АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Америкийн худалдааны танхим буюу “Amcham”-аас “АНУ-руу шууд нислэг үйлдэх боломж, шийдэл” хэлэлцүүлгийг өчигдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлгээр шууд нислэг үйлдэхэд АНУ-ын талаас тавигдаж буй хууль эрхзүй, аюулгүй ажиллагаа болон техникийн шаардлагуудын талаар болон тулгамдаж буй асуудлуудаар хоёр тал санал солилцлоо. Монголын талаас 2023 ондоо багтан бэлтгэлээ хангаж, шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “АНУ-тай “Open sky” буюу нээлттэй агаарын зайн хэлэлцээрт олон улс нэгдэн орсон байдаг. Монгол улсын хувьд энэ хэлэлцээрт нэгдэн орохын тулд сүүлийн жилүүдэд бэлтгэл ажил, шат шатны хэлэлцээрүүдийг хийгээд явж байна. Цар тахлаас өмнөх жилүүдэд АНУ, Монгол улс хоёрын хооронд аялал жуулчлалын оргил ачааллын үед жилдээ 70 орчим мянган зорчигч урсгал хийгддэг байснаас 50 орчим хувь нь Америкийн баруун эрэг рүү нисдэг гэсэн судалгаа бий. Энэхүү шууд нислэг нээгдсэнээр хоёр улсын хооронд зорчих зорчигчдын цаг хугацаа, зардал мөнгө хэмнэгдэх маш олон давуу талтай” гэлээ.

Агаарын тээврийн шинэ зам нээгдэхтэй холбоотойгоор манай улсын авиа компаниуд бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тухайлбал, “МИАТ” ТӨХК “Boeing-787” шинэ агаарын хөлгөө ирэх тавдугаар сард хүлээж авах юм байна. Шууд нислэг хийдэг болсоноор нислэгийн цаг ойролцоогоор 40 хувиар багасах боломжтой гэж тооцоолжээ. Энэ талаар  “МИАТ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “АНУ-руу нисэхэд хамгийн багадаа 19 цаг болдог. Шууд нислэг хийдэг болвол Монголоос АНУ-руу 10 цаг 50 минут, АНУ-аас Монгол руу 11 цаг 20 минут ниснэ. Энэ нь Монгол улсын эдийн засагт сайн нөлөөтэй” гээд эдийн засгийг эргэлтэнд оруулах, бараа материал шууд зөөгддөг болохоос гадна визний асуудал ч хөнгөвчлөгдөх боломжтойг онцоллоо.

АНУ-гаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл С.Кленчески “Бид төлөвлөгөөгөө ойрын хугацаанд ажил хэрэг болгох хүсэлтэй байна. Шууд нислэг хийдэг болсноор хоёр улсын хоорондох аялал жуулчлалын салбарт ихээхэн эерэг нөлөөтэй гэж харж байна. Агаарын тээврийн компаниудын дунд өрсөлдөөнт зах зээл бий болж, тийзний үнэ өртөг буурч, чанартай үйлчилгээ үзүүлэхэд ахиц гарна гэж үзэж байна” гэв.

“АНУ-руу шууд нислэг үйлдэх боломж, шийдэл” уулзалт, хэлэлцүүлэгт Монгол улсын талаас ЗТХЯ, ГХЯ болон ИНЕГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, АНУ-ын талаас АНУ-ын Төрийн департмент, Тээврийн яам, FAA, TSA болон “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа”, “Eznis” зэрэг агаарын тээврийн компанийн төлөөллүүд оролцлоо.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх