Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ.
Хүүхэд, залуучуудын театрын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2016 онд СХД-ээс Улсын Их Хуралд сонгогдож байсан бөгөөд тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 850 хүний суудалтай соёлын ордон байгуулах саналыг 2018 онд гаргаж, улсын төсөвт суулгуулсан. Улмаар иргэдтэй уулзаж соёлын ордон байгуулах талаар танилцуулахад газар чөлөөлөлтийн ажил эхлүүлэх саналыг иргэд дэмжсэн. Энэ хэсэгт 3 гудамж бүхий газрыг чөлөөлсөн. Том бүтээн байгуулалт байсан учраас тухайн үед ахмад уран бүтээлчидтэй ч уулзсан. Ахмад уран бүтээлчид ч Улсын театрын зохион байгуулалт руу шилжих саналыг дэмжиж байсан. Хүүхэд, залуучуудын театрын орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ. Уг орчимд 9.7 га газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээлсэн. Мөн театрын орчимд спортын цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль, ойролцоогоор 60 га орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийснээр “20 минутын хот” консептын эхлэл тавигдана гэж үзэж байна” гэв.
Тус театр нь 12,972 м2 талбай бүхий 3 давхар, 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг механизм бүхий тайз болон дуу бичлэгийн студи, видео студитэй юм.
Мөн үзэгчдийг ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр номын сан, кофе шоп, ресторан, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг тохижуулсан байна.
Тус театр хөшгөө нээснээр хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжиж, урлаг, гоо зүйн боловсрол олгох, үндэсний болон дэлхийн театрын урлагийг танин мэдэх боломж бүрдэж байна.
Нийт 0