А.СҮХБАТ АВАРГАД ХАЙРТАЙ БАЙСНАА САНАЖ БАЙНА УУ?

А.СҮХБАТ АВАРГАД ХАЙРТАЙ БАЙСНАА САНАЖ БАЙНА УУ?

Бор аварга зодог тайлсанаасаа хойш олон жилийн дараа Ерөнхийлөгчийн хүсэлтээр наадамд нэг зодоглоогүй юу. Тэгэхэд уг нь би цэнгэлдэхэд үзсэн юм. Даанч түүн дээр бөхчүүд өөрсдөө битүү шавж зургаа авахуулаад бараа нь олигтой харагдаагүй.
Харин 2015 онд А.Сүхбат аваргыг ярилцлагын нэвтрүүлэгт оруулахаар болж анх удаа биечлэн уулзах боломж тохиосон билээ. Яагаад ч юм жижиг Сүхбат гэсээр байгаад жижиг хүн орж ирнэ гэж төсөөлчихсөн байв. Хар өнгийн куртиктэй сүрлэг хүн Рояал телевизийн коридорыг дүүргээд өмнөөс алхаж байсан дүр зургийг ер мартдаггүй юм. Би шууд ярилцлагын дундуур түүнийг нэгд нэгэнгүй нэгжиж, сонжиж анхаарч, сонсож байлаа. Гар хуруу нь яагаад эвдрээгүй юм бол, аргагүй л аварга хүн шиг дуу хоолойтой юм аа, аа бас л аварга шиг хариулж байна шүү гээд л... ккк Тухайн үед орой болгоны шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүд, сайд дарга нар байнга ээлжлээд л ирж ордог байхад хэн ч тоодоггүй мөртлөө аваргын оролцсон нэвтрүүлэг дуусахад телевизийн цэвэрлэгчээс эхлээд захирал хүртэл олон хүн аваргатай зургаа авахуулна гээд ажлаа таралгүй студийн үүдэнд хүлээж байж билээ. Аргагүй л өөр юм билээ.

Би чинь сумын наадам хэссэн морины хүүхэд байхдаа жижиг Сүхбат гэж мурилзсан бор залууг анх зурагтаар таньдаг болсоноосоо эхлээд биширч ирсэн хүн л дээ. Одоо би аваргын тухай үзэл бодлоо дэлгэвэл хэдэн ч цаг тасралтгүй ярьж чадна.
Сүүлийн үед бөхийн өргөөний маргаанаас болж эсрэг талынх нь бүлэглэл бор аваргыг маань сошлын цөөврүүдэд хаяж өгсөөр нэр төр гэж авах юмгүй болж байгаад сэтгэл эмзэглэмээр. Энд тэнд аваргынхаа тухай ярьж явахад амттай байдаг байлаа. Бөх найз маань хүртэл бөхийн өргөөг нээхгүй байгаад нь аваргыг буруутгаад, тэр бөхийн өргөөг хувьдаа л авах гээд байгаа ухааны юм ярьж, муулж явна лээ. Уг нь бол бөхийн өргөөг хувийн өмчит байшин шиг болчихсон байгаатай нь тэмцээд байгаа юм л даа. Ер нь бол алдар нэрээ аваад хувиа хичээж нуруугаа харуулаагүй Монгол бөхийн хөгжлийг бүрэн зураглалаар нь харж яваа, үндэсний бөхийн өөрчлөлт, хувьсгалыг ярьж яваа ганц тэмцэгч юм л даа. За энэ яахав. Өөр гоё зүйл бичье.

Бор аваргын үйлдэлүүд их содон. Бөхийн өргөөний нээлтийн барилдаан байх. Үзүүр түрүүнд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзэлцэн давчихаад туг тойроод буцаж Б.Бат-Эрдэнэ аварга дээр гүйж очоод мөрөнд нь духаа хүргэж адис авч байхыг нь үзээд жигтэйхэн сэтгэл хөдөлж билээ. Тийм үйлдэлийг анх удаа харсан маань тэр.

Бэкэм, Зидан, Жирард гэх мэт хөлбөмбөгийн тод одууд олон жил тоглосон клубээ орхиж, эсвэл зодог тайлан цэнгэлдэхээс гарахад нь сая, сая хүн уйлдаг. Спорт гэдэг ийм гоё. Яг үүнтэй адилхан зүйл Монголд нэг удаа болсон юм. Сүхбат аварга амжилтынхаа ид оргил үед улсын наадмын торгон ногоон дэвжээн дээр зодог тайлах цаг мөчид. Ард түмний хүн чинь ард түмнийхээ нүдэн дээр хурц шийдвэр гаргадаг юм билээ. Аваргын ухаанд хэний ч санаанд байгаагүй зүйл байдаг юм билээ. Цэнгэлдэх даяараа уйлж, улс даяараа огшиж байснаа мартсан ардууд өнөөдөр түүнээс зөвхөн өө сэв л хайна. Ард түмний нүдэн дээр ил байдаг хүн юм чинь өөлөх юм мундахгүй.

Гурван эхнэр сольсон гэж муулна. Би болохоор гурван эхнэр авсан гэж өмөөрнө. Гурван зуун эхнэртэй байсан их хааны заяа буяны хэлтэрхий аварга хүнд байхад яадгийм ер нь. Авсан ганцыгаа арай чүү чирч яваа мань мэт биш. Аваргын гурван эхнэр гурвуулаа аз жаргалтай байгаа.. гэж өмөөрч тэнэглээд пойлдуулна. Дашрамд сануулахад шар сонингуудын үед “Эзгүй аралруу хэнтэй явах вэ”, хамгийн хүсэмжит эр... энэ тэр гэсэн балай сонжоонуудад байнга л аваргын нэр зүүний магнайд гозойж харагддаг байсныг санаж байна уу? Охид хүүхнүүд гэнэт л бөх үздэг болчихсон доо...

Алтан хүнс компани нь архи үйлдвэрлэдэг гэж хэвлэлүүд баална. Тэр АПУ чинь үйлдвэрлээд, аварга болохоор тийм эрхгүй юм уу донгос! Тэгээд ч тэр #argali архи нь хөлдөөлтийн технологиор үйлдвэрлэж байгаа гоё архи, бас алттай архийг аваргын үйлдвэр л гаргадаг. Товчхондоо аварга чанарыг эрхэмлэдэг гэж өмөөрөх гэж оролдоод бор аваргынхаа нэрийг бүр архин дээр наагаад орхичихно би.

Тэр зодоглосон л бол зөвхөн түрүүлэхийн таамаг дээр л яригддаг байлаа. Тэр дундаж биш. Бор аваргын өвдөг шороодсон нэгэн улсын наадам тараад хүмүүс аялал зугаалганд явж байхад аварга бэлтгэлийн заалруугаа шууд явж байсан. Бүтэн жилийн уйгагүй бэлтгэлийн үр дүнд дараа жилийн наадам дээрээ хөлс гараагүй түрүүлсэн хэмээн үеийн бөхчүүд нь хуучилдаг. Ийм хор шар, хөдөлмөрч, зүрх сэтгэлтэй, ард түмний хүү төрд орсон гэж бодохоор сэтгэлд ойр санагддаг юм.

Хэрмэл жүжигчин шиг хэсч түмэнтэй танилцаж явдаг би хэдэн жилийн өмнө Монголын үндэсний бөхийн уран цоллооч, манлай засуулч Пүрэв гэж сайхан буурайтай санаандгүй танилцаж билээ. Бөхийн засуул гэнгүүт би хайртай аваргыгаа ярьлаа. Хачирхалтай нь Пүрэв гуай өөрөө аваргыг зодог тайлахад дагаад зодог тайлчихсан хүн болж таарав. Аваргын зодог тайлсан дуулиан нь түүний нөөлгөнд болсон үйл явдалуудыг анхаарах сөхөөгүй болгож байсан болохоор тэр мэт үйлдэлүүдийг хүмүүс мэдээгүй. Аварга зодог тайлаад 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж мөргөх хүртэл нь засаж, дагаад алхаж явсан цэнхэр дээлтэй Пүрэв гуай надад хэлэхдээ:
- Би 33 жил бөхийн засуул хийхдээ жижиг аваргыг мөрөн дээрээсээ гаргадаг байсан нь миний амьдралын хамгийн бахархалтай хувь тохиол. Жижиг аварга бол Монгол бөхийн ертөнцөд үзэгдэл байсан. Ухаанаар уран барилддаг тийм төгс бөх дахин хэзээ төрөхийг мэдэхгүй... гэж ярьсан юм. Мөн тэрээр цүнх дүүрэн мөнгө, цолны найраа яаж эхэлсэн, хэнүүс өрнүүлж хөгжүүлсэн тухай, түүнтэй аварга яаж тэрсэлдэж байсан, яаж гадуурхагдаж байсан тухай сонин хууч дэлгэсэн юм.

Логикоор бодоход үндэсний бөхийн хөгжилд цолны найраа улаан цагаандаа гарч, цүнх, цүнх мөнгөний үнэ хүрч байх ид үед Сүхбат аварга зодог тайлсан. Түүнд мөнгө чухал байсан бол бөхийн спортдоо үлдээд богц, богц мөнгийг занзайтал дарах боломжт түүнд хамгийн их байсан. 
Бас бор дээлээ өмсөөд очсон газар бүхнээ хуйлруулж явдаг эрх ямбаа илүүд үзсэн бол тэр үндэсний спортын гажуудлыг шүүмжилж, улмаар энэ улс төр гэдэг нэр төрийн махны машинд орохгүй байх байсан.

Аваргыг УИХ-ын гишүүн болсоны дараа би УИХ-ын гишүүн нэгэн найзаасаа бор аварга ер нь ямархуу улс төрч вэ гэж асуухад: 
- Ухааны улс төрч шүү дээ. Үзэгчдийн хүсэлтээр улстөрждөггүй яг л өөрөөрөө байж чаддаг болохоор л шүүмжлэлд өртдөг. Яг улс төрчөөрөө бол яваандаа илүү тод танигдана... гэж билээ. Харин нэг сэтгүүлч нөхөр “Сүхбат гишүүн хэвлэлд мөнгө тараадаггүй харамч” хэмээн муулж байхыг нь сонссон. Одоо харахнаа тэр боломж л гарвал аваргыг хайр найргүй гөвж харагддаг.

Яалтай ч билээ дээ бидний л эрх юм даа. Өнөөдөр итгэл үнэмшлийнх нь оройд гялалзах ямар ч одыг маргааш өлмий дороо бяцалж чаддаг сахилгагүй ардчиллын үр сад юм бид. Намайг үүнийг бичиж байх зуур мянган жилд нэг л төрөх онцгой хүн хаа нэгтээ мэндэлж л байгаа. Хүмүүсийн хүн чанар, хүнлэг сэтгэлийг живүүлж буй хэрцгий нийгэмд онцгой хүмүүсийг цаг үе нь ингэж төрүүлдэг. Тэдний нэг бол өөрийн ур ухаан, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр Монгол үндэсний бөхийг урлаг болгож харуулсан Монгол түмний дархан аварга Агваансамдангийн Сүхбат юм. Харж байгаарай түүний төрмөл ухаан улс төрд яван чангарна.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх