Дэлхий даяараа допингтой ширүүн тэмцэж эхэлсэн тэртээх 10 жилийн өмнө буюу 2009 оны наадмаас хойш Монгол бөхчүүдээс допинг ихээр илрэх болсон. Нийтэд ил болсон хэдхэн тооны бөхчүүдийн цаана бүхэл бүтэн допингийн сүлжээ нуугдаж байдгийг бөхчүүд өөрсдөө ярьдаг.
Допингийн асуудал улам даамжирсаар энэ жил улсын наадмын түрүү бөх допингтой нэр холбогдсон анхны тохиолдол болж допинг гэдэг зүйл энгийн нэг малчны өрхөөс эхлээд төрийн тэргүүний өрөөнд хүртэл яригддаг ноцтой сэдэв боллоо. Уг нь МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран 2017 оны есдүгээр сараас эхлэн “Допинггүй Монгол бөхийн төлөө” зорилтот ажлуудыг хэрэгжүүлж байгаа гэнэ. Гэтэл яагаад допингийн асуудал намжсангүй ийм ноцтой байдалд хүрэв...
Монголын тамирчдын “но”-г хамгийн сайн мэдэх нэг хүн бий. Тэр бол Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, хүний гавьяат эмч, үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат юм. Тэрээр БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд эмчээр ажилд орсоноос хойш тус байгууллагад завсаргүй 29 жил ажиллаж байгаа. Монголын төр түүнийг 2012 онд “Гавьяат эмч” болгон алдаршуулсан.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчид төдийгүй үндэсний бөхчүүдтэй олон арван жил тулж ажиллаж буй тэрбээр спортынхны “но”-г хамгийн сайн мэднэ. Допингийн асуудал яригдах болгонд л бөхчүүд, тамирчид түүний өрөөгөөр эргэлдэн, царайчилж суусаар аргалуулдаг гэдэг яриа ч бөхчүүдийн дундаас дэгдэв.
Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн зун 07-р сарын 12-ний өдрөөс эхлэн эхнэрийнх нь дансаар маш их мөнгө цувж орж ирсэн нь ил болсон. Тэгвэл жил бүрийн наадмын дараахь эхнэрийнх нь дансыг нэхэн шалгавал их зүйл хөврөх нь.
Ингээд Монголын спортыг эрүүл байлгах, допинггүй байлгах үүрэг хүлээсэн, эрүүл энхийн манаанд зогсох учиртай байгууллагын дарга, тэгээд бүр хүний гавьяат эмч цолтой энэ эрхэм бөхчүүдээс авлига авдаг төдийгүй өөр бусад хууль бус зүйл хийсэн гэх хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн.
Тэр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг дардаг, шинжилгээг сольдог байсан нь илэрвэл маш том ноцтой асуудал үүснэ. Үнэхээр хориотой бодис хэрэглээгүй мөртлөө түүний хууль бус үйлдлийн улмаас цолоо, барилдах эрхээ хасуулж, амжилтаараа хохирсон бол тамирчин бүхэнд харамсалтай. Ч.Насанбатыг шоронд хийгээд юу ч өөрчлөгдөхгүй. Спорт залуу насных тул амжилт гаргах боломжтой байсан цаг хугацаа г буцааж болохгүй. Үндсэндээ тамирчин хүний нэг насны хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдлийг үгүй хийчихэж байгаа юм.
Харамсалтай нь түүнийг шалгаж байгаа асуудал хэтэрхий удааширч, замхрах талруугаа орж байгаад бөхчүүд гомдолтой байгаа төдийгүй дахиад л хэргээ хаалгаад наймаалцчих вий хэмээн хардацгааж байна.
Улсын наадмын түрүү бөх допинг хэрэглэсэн нь үнэн бол түүнд хариуцлагыг нь хүлээлгэ. Харин түүний шээсийг сольсон бол Ч.Насанбатад хуулийн хариуцлага хүлээлгэ. Аль нь ч шийдэгдэхгүй замхарвал 2009 оноос хойш допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрс нууц хэвээр үлдэнэ. Тэр бол Монгол бөхчүүдийн “но”-г хамгийн сайн мэдэх цор ганц хүн.
Нийт 0