ТӨР МЭЛМИЙГЭЭ НЭЭВЭЛ МОНГОЛ МАХААР ДЭЛХИЙД ЦОЙЛОХ БОЛОМЖ БАЙНА

ТӨР МЭЛМИЙГЭЭ НЭЭВЭЛ МОНГОЛ МАХААР ДЭЛХИЙД ЦОЙЛОХ БОЛОМЖ БАЙНА

Suffolk үүлдрийн хонь нь дэлхийн 5 тивийн олон оронд хамгийн их тархсан, мах, ноосоороо дэлхийн топ хонины үүлдэр юм. XVIII зуунд Англи улсад хонинд байж болох ашигтай бүх шинжүүдийг цогцоор нь шингээж бий болгосон энэ үүлдрийн хонийг Монгол улсад амжилттай нутагшуулан үржүүлж, өсгөж байгаа мэдээллийг сонсоод миний бие Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зориод ирлээ.

Амьдралынхаа 21 жилийг Мал аж ахуйн судалгаа шинжилгээний ажилд зориулж, үр дүнг нь хүртэж яваа Н.Баттулга ахтай ингэж танилцсан юм. Хөдөлмөрч хүний үгийг өөртөө шингээгээд үлдэх нь хувиа хичээсэн үйлдэл гэж санагдсан учир зорьж очиж өдөржин хөөрөлдөөд буцахдаа өчүүхэн оюун санаандаа тунгааж дүгнэсэн бодлоо тоймлон хүргэе.

АВАРГА МАЛЧИН, САЙН МАЛЧИНГИЙН ӨРГӨМЖЛӨЛГҮЙ Ч ТЭР МАГАДГҮЙ МОНГОЛЫН ХАМГИЙН БАЯН МАЛЧИН
Малын тоон үзүүлэлт дээр үндэслэн олгодог шагналуудын алинд ч 200 гаруйхан толгой хоньтой Н.Баттулга гуайн тоон үзүүлэлт шагналын шаардлага хангахгүй. Суффолк хонийг Монгол оронд нутагшуулах арчилгаа, маллагааны технологийг бий болгох гэж хоньч хоёр нохойноос өөр туслах малчингүй борви бохис хийлгүй хөдөлмөрлөж байгаа энэ хүн хэрвээ зорьсондоо хүрвэл 200 гаруйхан хониноосоо 2000 хониноос ч гарахааргүй ашиг шим, үнэ цэнийг хүртэх боломжийг харуулна хэмээж байна.

Түүний хэлж буйгаар төлөө бүрэн бойжуулаад зөвхөн цэвэр үүлдрийн эр төлөө “ХУЦ” (хонины эцэг мал)-ны зориулалтаар борлуулбал жилдээ 300 сая орчим төгрөгийн борлуулалт хийх боломжтой юм.

МОНГОЛ УЛС ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛӨӨ ДЭМЖИЖ ЗӨВ МЕНЕЖМЕНТ ХИЙВЭЛ ДЭЛХИЙД ЦОЙЛНО 
Дэмжинэ гэдэг нь малчид руу чиглэсэн өнөөгийн төрийн халамжийн бодлого огт биш. Ердөө мэдлэг туршлага арвин энэ мэт хүмүүсийн тархийг ашиглах явдал юм. Манай улсын 70 сая малын 30 гаруй сая нь хонь. Малын тоо нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч байгаа нь ноцтой байдалд хүрсэн. Тэгвэл Н.Баттулга гуай заавал 1.000 хоньтой болох гэж олон жил хөдөлмөрлөх шаардлагагүй гэдгийг бодитоор харуулж байна.

Манай малчид хургыг том эр хонь болгож зарахын тулд 4-5 жил өсгөнө. Тэгвэл Суффолк үүлдрээр монгол хонио сайжруулбал эрлийз төлөг, (1 жилийн дараа гэсэн үг) нас гүйцсэн эр хонины жинд хангалттай хүрчихнэ, Малчин нь сайн байвал илүү ч жин дарна. Суффолк үүлдэр нь махны чанарын хувьд холестрин багатай, уураг, амин дэмийн агууламж өндөр. Монголын малчид хүссэн хүсээгүй богино хугацаанд үр өгөөжөө өгөх эрчимжсэн мал аж ахуй дээр төвлөрнө. Харин судалж, туршиж хугацаа алдах шаардлага алга. Бэлээхэн амьдралынхаа туршид судлаад үр өгөөжийг нь бодит болгочихсон эдгээр кейсүүдийг чиг баримжаа болгох хэрэгтэй юм. Үүнийг харин төр засаг бодлогоор дэмжих шаардлага байна.

ХӨГЖЛИЙН ЗОВЛОН
Дээрхи үр дүнг ойлгоод эхэлсэн малчид Н.Баттулга гуайгаас Суффолкийн төл авахын тулд жилийн өмнө захиалга өгөх юм. Эрэлтийг хангахад юуны түрүүнд “Эх сүргийн аж ахуй эрхлэх газрын асуудлыг шийдвэрлүүлэх”, “Бэлчээр, тэжээлийн асуудлаа цогцоор шийдсэн загвар аж ахуйг хөгжүүлэх”, “Зохиомол хээлтүүлгийн үр үйлдвэрлэх тусгай лаборатори байгуулах” гэх гэх мэт төслүүдийг олон жилийн өмнөөс бичиж зээл хүсдэг боловч санхүүжүүлэх эх үүсвэр олддоггүй. Та бидний мэдэх ЖДҮ-гийнхэн ч ойлгодоггүй. Ямар нэг зээл, хөрөнгө оруулалтыг татахад танил тал, хувь хуваалцах гэх мэт саад их байдаг болохоор тэр биз.

Н.Баттулга гуай төрөөс одоо мөнгө зээл хүсэхгүй, харин энэ цэвэр үүлдрийн хонио бүрэн нутагшуулж, өсгөж үржүүлэх 100 га газрыг л хөөцөлдөөд бүтэхгүй байна хэмээн зовлонгоо ярьсан юм. Уг нь Тариалангийн тухай хуулиар газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ гэж хуульчилсан байдаг, тэгээд тариалангийн бүс нутгаа Засгийн газар нь нэрлэж заагаад тогтоол гаргачихсан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталчихсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сум хуулиараа ч тогтоолоороо ч газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг.

Харамсалтай нь тэр хууль тогтоолуудын үр өгөөжийг мөнчгөрөөрөө яваа малчид хүртэх бараг боломжгүй юм. Их хурлын гишүүн болж байж л санасан мөнгөө олон сангаас хүүлж болдгийг УИХ-ын эрхэм гишүүд нотолсоор байгаа. Жирийн малчдад төрийн босго дэндүү өндөр хэвээр.

УЛС ТӨРЧИД ТҮҮНИЙГ АШИГ ХОНЖОО БОЛГОЖ ХАРДАГ
Англи улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Н.Баттулга гуайг зорин ирж зочилсон байна. Нэг үгээр хэлбэл нутгийн бренд хонио эргэн ирж хүндэтгэл үзүүлжээ. Түүнээс хойш Английн хатан хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд бусад арга хэмжээнүүд болон бусад улсын элчин сайдуудын урилга заллага олширсон гэнэ.

Дээр үед болсон нэгэн түүхийг жишээ болгон өгүүлэхэд: Үер киноны Гэндэн гуайг Монголын төр шагнах нь битгий хэл тоодоггүй байсан гэнэ. Тухайн үед ЗХУ-аас Гэндэн гуайн авъяас чадварыг үнэлж шагнахад Монголын төр шагналаа өгч байсан гэх. Үүнтэй адил Монголын улс төрчдөөс хандах хүмүүс мэр сэр гарч ирдэг болсон гэнэ. Тэгэхдээ зөвхөн түүний хөдөлмөрийн үр шимийг амин хувийн ашиг хонжоо болгох ханддага гаргадаг гэнэ. Төрийн түшээд маань ийм өчүүхэн болохоор энэ салбар, энэ улс хөгжихгүй бүрэнхий байна. Уг нь дэлхийн бренд хонь Монголын үржил шимт хөрсөнд зэрлэгээр ургасан 300 гаруй нэр төрлийн эмийн чанартай өвс, ургамлыг идэж үржиж байгааг эх оронч сэтгэлгээгээр харвал олон зуун малчдын амьжиргааг дээшлүүлээд зогсохгүй олон улсын зах зээлд уул уурхайгаас илүү эдийн засгийн үр өгөөжийг босгох боломжтойг харах байв.

Н.БАТТУЛГА:
- Ах нь амин хувийн ашиг хонжоогоо бодвол авлигыг нь өгөөд зээл аваад өөр юм эрхлээд явчихаж чадна. Заавал энэ хонинуудыг цэвэр үүлдрээр нь хадгалж өсгөх гэж өөрийгөө зовоогоод байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь олон малчдын амжиргааг дээшлүүлэх нь миний зорилго. Амьжиргаагаа дээшлүүлэх олон, олон малчдад л миний энэ зүтгэл хэрэг болно. Энэ ажил, мэргэжилд дуртай болгосон миний багш бөгөөд төрсөн ах МУ-ын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор акдемич Н.Алтанхуяг ахынхаа ажлыг үргэлжлүүлж яваа даа бахархалтай байдаг. Ядахнаа аав ээж хоёр минь, ах маань тэнгэрийн орноос хүүгээ харж, хөдөлмөр зүтгэлээр минь бахархаж байгаад итгэж байна. Ганцаараа хүний нутагт гараад мал маллаад зүтгэх амаргүй. Энэ хүртэл тусалж дэмжиж байдаг гэр бүл, хэдэн найз нөхөд минь бий. Тэднийхээ итгэлийг алдалгүй үр дүн гаргаад явж байна.

Одоо харин мал аж ахуйн хөгжлийг ойлгох төрийн удирдагч гарч ирэхийг л хүлээж байна, Даанч цаг хугацаа урссаар байна... гэсэн юм. Хэрвээ төр засгийн бодлого үүнийг ойлгохгүй, магадгүй тийм удирдагч гарахгүй бол Н.Баттулга ах ганцаараа сайхан амьдраад л дуусна. Дашрамд сонирхуулахад авлигачдын авлигын мөнгөөр авч хөлөглөдөг LEXUS-570 машиныг Н.Баттулга ах Суффолк хонины үр шимээрээ авч унаад хонио хариулж явна лээ

 

Нийт 6

  • Одбаяр

    Хогийн улс төрчдөд өөрт нь хувь өгье гэвэл аль эрт хамаг юм нь бүтээд өчнөөн малчид үр шимийг нь хүртчихсэн байхгүй юу.

  • Zanaa

    Avligiig n uguhgui bol zeel meel, gazar butkuee Battulga gua. Mongolchuud undur zayatai, amandaa shar tostoi tursun yum bhoor neg oilgoh hun garch irne bhaa. Amjilt

  • Boloroo

    za ashgui dee ene huntei uulzsand bayrtai bn aa amjilt

  • Tseepil

    Manai tulgaa ajil bvteehiin odond toson hvndee Yarij yabsan ee medehgvidee gej bodoj yabsan bvteejee amjilt naizaa

  • Булган

    Хүүх мундаг

  • Ц.Мижиддорж

    Малчин Баттулгын санаачлага, хөдөлмөрөөр бахархаж байна. Суффольт үүлдрийн хониор монгол хониныхоо махны гарцыг нэмэгдүүлж, ноосны чанаоыг, гарцыг сайжруулах өргөн боломж байна гэж харж байна. Баттулгын ажил, хөдөлмөрийг дэмжиж МААЭШХүрээлэн хамтран ажиллаж, мах нөөсны хоньний ЦӨМ сүргийг бий болгож, хонин сүргээ махны чиглэлээр сайжруулж төлгөн насанд нь махалж экспортод гаргах боломж байна шүү!!! Энэ залууг ХХААЯам бодлогоор дэмжиж бодит ажил болгохыг хүсэлт болгож байна!!! Зоиудын ажил богох хэрэгтэй!!!

Сэтгэгдэл үлдээх