Нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулах боломжгүй

Нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулах боломжгүй

Энэ сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн тогтоогдоно. Бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, батлагдаагүй мэдээллүүд цахим орчинд гарч буй учраас албаныхны зүгээс нөхцөл байдлыг тогтмол мэдээлэх болно. Нас барсан болон бэртэж гэмтсэн хүний тоог нуун дарагдуулах ямар ч боломжгүй. Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжийн мэдээ мэдээллийг хүлээн авч, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна.

Гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хэргийн газар үзлэг, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна. Засгийн газар, УОК-оос байгуулсан Ажлын хэсэг болон эрүүл мэндийн байгууллагууд яаралтай арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажиллаж байгаа. Түймэрт өртсөн хоёр орон сууцны иргэдийг Баянзүрх дүүрэгт хоёр зочид буудалд байрлуулсан. Тус орон сууцнуудыг засварлаж, хэвийн болгох хугацаанд буюу энэ оны аравдугаар сар хүртэл тухайн иргэдийн түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны нэгдүгээр үүрэг учраас Засгийн газар болон НЗДТГ-аас засвар, түрээсийн зардлыг шийдвэрлэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, буруутай этгээд тогтоогдсоны дараа зардлыг нэхэмжлэх, түүнийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.

УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий, тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн акт, стандарт, дүрэмд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлсэн. НОК-оос шатахуун болон хий түгээх станцууд, тэсэрч дэлбэрэх аюултай бодисын чиглэлээр, холбогдох яамдаас хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нар “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан эсэхэд шалгалт хийж байгаа. Цэвэр усны шугамд дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан. Осол гарсан байршилд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын Химийн тандалтын бүлэг хоёр удаа хэмжилт хийхэд болон нийслэлийн холбогдох байгууллага, Агаарын чанарын албанаас нэмэлт хэмжилтүүдийг хийхэд химийн хорт бодисын дэгдэлт илрээгүй. Нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

-Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг заасан байдаг. Үндсэн хугацаа нь 14 хоног байдаг ч шинжилгээний цар хүрээнээс хамаараад сунгагдаж болох тул үзлэг шинжилгээ хийж дуусах хугацааг нарийн хэлэх боломжгүй.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:

-Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан. Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна хэмээлээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх