Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн-Архигүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин, өрнүүлж байгаа. Тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн, “Архигүй Эрдэнэт” нөлөөллийн аяныг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулах тухай энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, 12 чиглэл бүхий төлөвлөгөө гарган, ажиллаж байна.
“Архигүй Эрдэнэт” нөлөөллийн аянд Хүдрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Засвар механикийн завод, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтэс, Барилга засварын цех, Тээвэр ложистикийн төв, Ус хангамжийн цех, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба манлайлал, санаачилгатай оролцож байгааг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Манчук онцоллоо. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийнхэн “Бид архигүй хамт олон” арга хэмжээ дотооддоо сургалт сурталчилгаа, олныг хамарсан уралдаан тэмцээн хэлбэрээр зохион байгуулж буй бол ХАБЭА-н хэлтсээс “Бид залуусаас суралцах зүйлс байна” уриан дор нөлөөллийн аянд оролцож буй аж. Мөн Гэрээт цагдаагийн хэлтэс үйлдвэрийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд аяны үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны хор уршгийг таниулах 20 удаагийн сургалт мэдээлэл хийж, бүтцийн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Эл сургалтад үйлдвэрийн 450 гаруй ажилтан хамрагджээ.
Оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, 19-р сургууль, Хуулийн хэлтэс болон Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төв хамтран архины хор хөнөөлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь үр дүнтэй болсон байна. Түүнчлэн, Автотээврийн цехээс “Архигүй амьдралыг цогцлооё” уриалга гаргаж, цехийн ажилтнууддаа “Шинэ үеийн залуус Архигүй Монголын төлөө нэгдэнэ” сэдэвт сургалт уулзалт зохион байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар, тус аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд 30 гаруй хувиар биелж, өгөөжтэй арга хэмжээ болж буйг зохион байгуулагчид ярилаа.
Нийт 0