ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

 Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2022.05.12)  нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа үргэлжүүлсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгийн гишүүдээс Далайн захиргаа нь далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг дахин боловсруулж, Далайн захиргааны асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Ажлын хэсгээс далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг Далайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгохоор, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоогч болон харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар, хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны мөрдөх журмыг Далайн захиргаа баталдаг байхаар өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцааг олон улсын гэрээ, конвенцоор зохицуулах боломжтой гэж Ажлын хэсгээс үзсэн тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Хөдөлмөрийн тухай хуулийг эшлэсэн заалтыг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

    Мөн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсныг санал, дүгнэлтдээ дурдав. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр  нар асуулт асууж, санал хэлсний дараа Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 34 саналын томьёолол бүрээр санал хураалтыг явуулав. 

 Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана” гэсэн 5.2 дахь хэсгийг нэмэх,  төслийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-оос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах.”  гэсэн 6.3.15 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналд хуралдаан даргалагчийн зүгээс Төсвийн тухай хуультай нийцүүлж гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Мөн Ажлын хэсгээс төслийн 13 дугаар зүйлийг бүхэлд нь хасах, 16 дугаар зүйлд “Хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулна.” гэсэн  агуулгатай 16.2 дахь хэсэг шинээр нэмэх, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

    Ингээд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх