Манай улсын тэргүүлэх салбаруудын нэг Иргэний нисэхийн салбар цар тахлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд багагүй уналтад орж, өнгөрөлтийн нислэгийн тоо 5 дахин буураад байна. Үүнийг дагаад Иргэний нисэхийн салбарын нийт орлогын 95 хувийг бүрдүүлдэг агаарын навигацийн орлого багасч, санхүүгийн чадамж энэ хэмжээгээр буураад байгаа юм. 2019 онд гэхэд хоногт дунджаар 450 агаарын хөлөг манай улсын дээгүүр нисэн өнгөрдөг байсан бол өнөөдөр өнгөрөлтийн нислэг ердөө 90-100-д багтаж байна. Гэвч энэ бэрхшээл түр зуурынх гэж салбарын удирдлагууд харж байгаа юм.
Энэ хүнд цаг үеийг шалтаг тоочиж, зүгээр өнгөрөөлгүй, ирэх жилүүдэд Иргэний нисэхийн салбараа хэрхэн хүндрэлээс гаргаж, хэвийн нөхцөлд оруулах, хөгжүүлэх, навигацийн орлогыг нэмэгдүүлэх талаар салбарынхан зөвлөлдөж байна. ИНЕГ-ын даргын санаачилгаар “Агаарын навигацийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд боллоо. Хэлэлцүүлгээр төрөөс Иргэний нисэхийн салбарт баримталж байгаа урт хугацааны бодлого болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэлийн талаар хэлэлцэв.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “2013 онд батлагдсан Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн хугацаа дууссан. Энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг ЗТХЯ-наас хөндлөнгийн шинжээчээр дүгнүүлэхэд харамсалтай нь 73.2 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдсэн. Энэ бол хангалтгүй тоо. Ирэх 10 жилийн хугацаанд бид үүнээс илүү байхад өнөөдрөөс анхаарах хэрэгтэй. Өмнөх жилүүдийн нэг алдаа нь нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг эдийн засгийн үр ашигтай уялдуулах нь тааруу байсан гэж бодож байна. Одоо Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд үүнд маш сайн анхаарна” гэлээ. Мөн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан байгааг дурдаад Иргэний нисэхийн салбарт 2022-2025 он хүртэл хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” хөтөлбөрийг танилцуулав.
Агаарын навигацийн чиглэлд 2022-2025 он хүртэл баримтлах бодлогыг ИНЕГ-ын Агаарын навигаци, Нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл танилцууллаа. Тэрбээр “Навигацийн орлогыг 2025 он гэхэд 1 их наядад хүргэхээр зорьж байна. Бид өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэхийн тулд агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх гол шаардлага байгаа. Үүний тулд агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд бүгд хамтарч ажиллах шаардлагатай. Ингэснээр өнгөрөлтийн нислэгийг 2025 он гэхэд 250 мянгад хүргэж, навигацийн хураамжийг нэг их наядад хүргэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Иргэний нисэхийн салбарыг шинэчлэхийн тулд салбарын хууль болон дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ИНЕГ-ын удирдлага болон хуулчдын багаас салбарын ажилтнууд, хуульч, эрх зүйчид, ахмадууд болон ИНЕГ-ын үе үеийн дарга нараас санал авсны үндсэн дээр боловсруулж, ЗТХЯ-нд хүргүүлээд байгаа юм.
Танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид салбарын шинэчлэлт болон агаарын навигацийн бодлогын талаар санал хүсэлтээ хэлж, салбарын удирдлагуудад хандан асуулт тавьж, хариулт авлаа. Агаарын навигацийн бодлогын талаар зөвхөн өнөөдөр хэлэлцээд дуусахгүй, салбарын ажилтнуудын санал хүсэлтийг цахимаар хүлээн авч, цааш цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллах юм.
Нийт 0