МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХИЙГДСЭН ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АШИГЛАЛТАД ОРЛОО

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХИЙГДСЭН ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АШИГЛАЛТАД ОРЛОО

  Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

       Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн билээ. Гэвч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал, цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж, нислэг хойшлох, саатах, цуцлах асуудал гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын жишигт нийцсэн, Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ нисэх буудлыг нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 км, Төв аймгийн нутаг дэвсгэрт барьж байгуулсан юм.

Шинэ нисэх буудал нь:

-Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,

-24 агаарын хөлөг зогсох перрон талбай,

-43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,

-8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,

-Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,

-Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,

-Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,

-Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал юм.

Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулан менежментийг нь хийж буй.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх