“CHINA-MONGOLIA ONLINE CNS/ATM COORDINATION MEETING” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

“CHINA-MONGOLIA ONLINE CNS/ATM COORDINATION MEETING” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Иргэний нисэхийн үндэсний төвөөс БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоотой 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “China-Mongolia online CNS/ATM coordination meeting” цахим хурлыг зохион байгууллаа.

Хуралд БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооноос дэд дарга Zhang Yong, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Wang Rui, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дэд дарга Su Hang, Холбоо, навигаци, ажиглалтын хэлтсийн дэд дарга Cai Jing, Төвийн дэд дарга Wang Wei, CATC компанийн менежер Huang Zheng нар, ИНҮТ-өөс Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал, Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Э.Төрбаяр, дэд дарга Г.Мөнгөнхуяг, менежер П.Гантөгс, менежер Д.Лхагважав, АНБХТХ-ын дарга Д.Уртнасан, НХҮА-ны дарга П.Пүрэвсүх, ХНАА-ны дарга М.Эрдэнэсүх, НУТА-ны дарга Ч.Одгэрэл тэргүүтэй төлөөлөл оролцлоо.

Хурлыг БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны дэд дарга Zhang Yong, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал нар нээж үг хэллээ.

Цахим хурлаар агаарын зайн менежмент, нислэгийн хөдөлгөөний урсгалын менежмент, агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж, системийн шинэчлэлт болон хоёр улсын бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвүүд хоорондын гэрээг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Өмнөх уулзалт хуралдаануудад харилцан зөвшилцсөний дагуу Монгол Улсын талаас шинэ агаарын хаалга нээхтэй холбоотой тухайн агаарын хаалганы бүсэд радио холбоо болон ажиглалтын хамрах хүрээг сайжруулах зорилгоор барилга байгууламж, дэд бүтэц, үндсэн нөөц дамжуулах байгууламж, үндсэн нөөц тэжээлийн систем бүхий агаарын навигацийн үйлчилгээний байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн ба тухайн цагт агаарын хаалга нээхэд бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

БНХАУ-ын талаас шинэ агаарын хаалга нээх асуудал дотоодын төрийн байгууллагуудтай зөвшилцөх шаардлага гардаг тул их цаг хугацаа орохыг илэрхийлсэн. Тус асуудлын талаар БНХАУ хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хариуцсан ажилтны мэдээллийг цахим шуудангаар хүргүүлэн уялдаа холбоотой ажиллахаар тохиролцлоо.

БНХАУ-Монгол улс-ОХУ-ын хамтарсан ажлын хэсгийн явц, талууд нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн өдөр тутмын төлөвлөгөө солилцох, чөлөөт агаарын зам, зайг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаарх мэдээлэл болон метрийн системээс фүүтийн системд шилжих ажлын явц, хэрэгжилтийг танилцуулан харилцан санал солилцлоо. Талууд БНХАУ-Монгол улс-ОХУ-ын хамтарсан Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ажлыг түргэвчлэх, БНХАУ болон Монгол Улс санал нэгдэж хариуцсан ажилтан томилохоор болсон ба санамж бичиг байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцов.

Монгол Улсын талаас санал болгосноор Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн өдөр тутмын төлөвлөгөөг ойрын хугацаанд солилцохоор болж, метрээс фүүтийн системд шилжих болон чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь Монгол Улстай хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд одоогоор судалгааны ажлууд хийгдэж байгаа талаар танилцууллаа.

Монгол улс болон БНХАУ-ын ATN/AMHS, CRV VPN сүлжээ, Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвийн хооронд AIDC өгөгдөл дамжуулах сэдвийн хүрээнд өөр өөрийн орны хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож дараах үр дүнд хүрлээ. БНХАУ-ын талаас Бээжин-Хонгконг бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төв хооронд CRV VPN сүлжээгээр холболт хийгдсэн ба AFTN/AMHS системээр нислэгийн мэдээлэл дамжуулж эхэлсэн. Мөн Монгол улстай 2021 оны 3-улиралд CRV VPN сүлжээгээр AMHS системийг ашиглан нислэгийн мэдээлэл дамжуулж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд 2021 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал AIDC өгөгдөл дамжуулж тест шалгалтыг хийж, тест шалгалт амжилттай болсон тохиолдолд 2021 оны 11 сараас туршилтаар үйл ажиллагаанд ашиглаж эхлэхээр БНХАУ-ын талаас мэдэгдлээ.

Монгол Улсын “Улаанбаатар” бүсийн нислэгийн төв болон БНХАУ-ын “Бээжин”, “Хайлар”, “Хөх хот”, “Ланжоу”, “Үрэмч” зэрэг бүсийн төвүүд хоорондын харилцан ажиллагааны гэрээг шинэчлэх, түүнтэй холбоотой гэрээнд оруулах 11 чиглэлийн өөрчлөлт, зохицуулалтын талаар хэлэлцэн тохиролцож, храл урьдчилан тохиролцсон агуулга, хэлэлцэх асуудлын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх