Засгийн газар сандарч байна. Энэ баасан гаригт УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцээд Г.Занданшатарын танхим масст таалагдах бодлогогүй шийдвэрүүдийг гаргаж эхлэв. “Шатахуун хомсдсон” гэж бичсэн цахим хэрэглэгчдийг тагнуул, цагдаагаар шалгуулахаа мэдэгдэв. Зохиомлоор хомсдол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгаж тусгай зөвшөөрлийг нь цуцлана хэмээн сүрдүүлэв. Төмөр зам, хил холболт, оффтейк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргаж Засгийн газрын цахим хуудаст нээлттэй ил зарлахаа мэдэгдэв. Олон нийтэд таалагдахын тулд Г.Занданшатарын танхимынхан төрийн нууцыг задалж, тагнуул цагдааг дайчилж эхэллээ.
Уг нь төрд нууц байх ёстой. Тэртусмаа хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийг Монголын тал тодорхой хэмжээнд нууцлах үүрэгтэй. Хувь хүний, хоёр компанийн хамтын ажиллагааны гэрээ ч нууцлагддаг. Гэтэл одоо манай Засгийн газарт нууц гэж байхгүй болох нь.
Явах хүнд ачаа бүү татуул гэж өвгөд зүгээр нэг хоосон сургаагүй. Сэтгэл нь эргэсэн бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг явах нь тодорхой болсон Г.Занданшатарын танхимд Монгол Улсын хувь заяа хамаагүй болсон юм гэж үү?
Тэд явсан ч Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Харамсалтай нь намын даргад өрсөлдөөд ялагдсан түүний хонзогхол, улайрлаас болж Монголын төр хөл толгой, эрэмбэ дарааллаа алдлаа.
Дэндүү аядуу зөөлөн, бурханлаг гэгддэг Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоход МАН-ынхан бүгд л дэмжсэн. Харин намын дарга болоход тэр өрсөлдөгчөөсөө бодлогоороо, харизмаараа ер нь бүх талаар дутуу байсан. Гэвч тэр улайрсан. Хос тамга атгах гэж зүтгэсний хорыг нь өнөөдөр МАН нэр хүндээрээ, УИХ парламентийн дархлаагаараа төлж байна.
ОЛОН УЛСТӨРЧИЙН КАРЬЕРИЙГ ӨӨРТӨӨГӨӨ ХАМТ БУЛШИЛСАН Г.ЗАНДАНШАТАР
Гинжнээсээ өөр алдах юмгүй пролетари гэдэг шиг Ерөнхийлөгч андынхаа хүчээр Ерөнхий сайдын суудалд суусан Г.Занданшатар азаар олдсон засгийн эрх мэдлээ намын тамгатай хослуулах гэж үзээд Монгол даяар хэн бэ гэдгийг таниуллаа. Өдий зэрэгт хүргэсэн намынхаа нэр хүндийг булшилж, Монголын төр, засгийг бужигнуулсан Г.Занданшатарт Ерөнхий сайдаасаа огцормогц гудамжинд лааз өшиглөхөөс өөр сонголт үлдсэнгүй. 2028 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж түүнд байсан. Гэвч тэр хосгүй их шуналаасаа болж Монгол даяар эрх мэдэлд шунасан увайгүй шуналтан, өшөө авагч дарангуйлагч болж хувираад байгаа билээ.
Г.Занданшатарыг аядуу зөөлөн, бурханлиг, зөв хүн гэж монголчууд үнэлдэг байлаа. Гэвч тэр храрагдаж буй шигээ өр зөөлөн нэгэн биш эрх мэдлийн төлөө энэ Монгол Улсаа ч дэвсэлж чадах хонзогногч нэгэн байжээ.
МАН-ын даргын сонгуульд тэр ялагдсан ч р ялсан өрсөлдөгчөө “алуурчин” хүртэл болгох гэж цагдаа хүчний байгууллагыг дайлчилсан. ХЗДХ-ийн сайдыг томилж, өгсөн үүрэг чиглэл нь үүнийг баталсан. Харин одоо тэр МАН-д төдийгүй Монголын улс төрд хэн ч биш болох замдаа оржээ.
Монголын Улсын номер 2 хүн байсан түүнийг нутгийнх нь сонгогчид, Баянхонгорынхон 2024 оны сонгуулиар тэтгэвэрт нь гаргасан. Андлалдаа үнэнч У.Хүрэлсүх гуламжинд “шатар” тоглож суухад нь Ерөнхийлөгчийн тамгын газрынхаа дарга болгож төрд эргүүлэн авчирч улмаар Ерөнхий сайд болгосны хариуд тэр багийн анд У.Хүрэлсүх, намын анд Д.Амарбаясгалангийнхаа нэр хүндийг улс төрийн тавцанд цаазаллаа.
Г.Занданшатар улс төрөөс явсан ч У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан болон түүнийг дагасан УИХ-ын гишүүн-сайд нарт улстөрд илүү олон жил оршин тогтнох орон зай байсан. Харин одоо МАН-ын зодооныг төрд оруулж ирж УИХ ба Засгийн газрын гишүүдийг талцуулан оролцуулснаар олон ч улстөрчийн карьерийг өөртөөгөө хамт татан унагалаа.
ЮУН МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДААС НЬ ҮТЭР ТҮРГЭН ОГЦРУУЛААЧ
Занданшатарын Засгийн газар сүржин пиараараа Монголын эдийн засгийг сэргээсэн, алдагдлыг бууруулсан гэж ярьж байгаа ч жирийн иргэдийн амьдралд наалдсан ганц ч гялтайх зүйл байхгүй нь үнэн. Харин ч энэ зунаас хойш унаж доройтсоор, гал хөсч үгүй, гэрэл цахилгаан ч үгүй энэ өвлийг яаж давах вэ гэсэн аюулын харанга дэлдсээр огцрох гэж байна.
Хамгийн сүүлийн буюу 2025 оны аравдугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Статистикийн газрын үнийн судалгааг харцгаая.
Энэ оны эхний хагас жилд буюу зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2545 төгрөг байсан Атар талх 2688 төгрөг, кг нь 4500 төгрөг байсан цагаан будаа өнөөдөр 4917 төгрөг болж нэмэгджээ. Сүү, тараг, мар ургамлын том гээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ч мөн өсчээ.
Энэ тэгээд эдийн засгийн гэрэл гэгээтэй өсөлт үү? Хомсдсон гэж яригдаад байгаа АИ92 бензины үнэ энэ оны тавдугаар сарын 19-ны өдрийн байдлаар 2390 төгрөг байсан. Харин одоо 2590 буюу 200 төгрөгөөр литр дутамдаа нэмэгдсэн. Харин одоо хөдөө орон нутагт тариа ногооны хуралт, сургуулт цэцэрлэгийн их ажилтай зэрэгцээд хомсдож эхэлсэн чимээ дуулдаж эхэллээ.
Томилогдоод 100 гаруйхан өдөр болсон ч Г.Занданшатарын Засгийн газар улсын эдийн засгийг, жирийн иргэдийн амьдралыг сүйрүүлээд буух гэж байна. Тооцох хариуцлага нь огцруулаад л болоо гэж үү? Төрийн дээд байгууллагуулын үйл ажиллагааг бусниулж, эв нэгдлийг нь алдагдуулж Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн энэ хүнд хуулийн хариуцлага гэж байдаггүй юм уу? Хуульчид аа.
Засгийн эрх мэдлээ ашиглан АМНАТ-ын аргачлалыг өөрчлөх нэрээр MCS компанид тонн дутамд 1-2 ам.долларын татварын “хөнгөлөлт” үзүүлсэн. 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал нь ил боллоо
Зөвлөхөөрөө авч ажиллуулах гэж олон түмний эсэргүүцлээр бүтэлгүйтсэн Ц.Анандбазарын “Сод Монгол” ХХК-д тендер нэрээр 320 тэрбум төгрөгийн боломж олголоо. Төрсөн дүүгийнхээ эхнэр, эхнэрийнхээ эгчийн нөхрийг АНУ, Англиийн ЭСЯ-уудад атташе, консуллаар томилуулсан гээд 100 гаруйхан хоногийн дотор тэр улсын биш хувийн ажлаа сайн амжуулсан нь цахим орчинд шуугиан тарьсан.
УИХ-ын гишүүд ууртай байна. Эгдүүцэж дургүйцэж буйгаа илэрхийлж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан шалтгаанаа нэг, хоёр гэж байгаад дурдацгааж байна. Ийм Ерөнхий сайдыг, Засгийн газрын гишүүдийг үтэр түргэн огцруулахгүй бол өдөр хоног өнгөрөх тусам энэ хүнээс ямар тэнэг үйлдэл, шийдвэр гарахыг таашгүй болоод байна. Юун намын дарга. Ерөнхий сайд байхдаа төр засгийг талцуулж, бужигнуулж байгаа хүн эрх баригч намын тамгыг авчихвал их хэлмэгдүүлэлтийн гашуун өш хонзон эргэж ирэх нь тодорхой харагдаж байна. Айтугай, болгоомжилтугай. Үтэр түргэн огцруулахтүн.

Нийт 0