Дэлхийн гүн дэх халуун маагм хагарал, ан цав, галт уулын хоолой дамжин газрын гадаргууд гарч ирж халуун лаав, галт уулын үнс, хий цацагдах процессыг галт уулын дэлбэрэлт гэдэг. Галт уулыг идэвхитэй ба идэвхигүй хэмээн ангилдаг. Манай улсад байдаг галт уулууд нь идэвхигүй ангилалд багтдаг.
ХОРГЫН ТОГОО
Монгол орны хамгийн залуу галт уул бол Архангай аймгийн Тариат сумын нутагт байдаг Хоргын Тогоо юм. Тэнд одоогоос 8-10 мянган жилийн өмнө галт уул дэлбэрч байжээ.
Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хоргын Тогоо дотроо конус хэлбэртэй. Уулын эргэн тойронд хар бараан өнгийн, нүх сүвэрхэг хүрмэн чулуулаг (базальт) өргөн тархсан. Халуун маагм асар их хий, усны уур агуулж байдаг бөгөөд тэдгээр нь газрын гадаргууд гарч ирж ууршин арилж, орон зай нь нүх сүв болон үлддэг. Тиймээс базальт чулуулаг нүх сүвшилт ихтэй, хөнгөн жинтэй байдаг.
Хангайн нурууг тойрон олон тооны унтарсан галт уулс, Цэнхэр, Шаргалжуут, Отгонтэнгэрийн гэх мэт халуун рашаанууд байрлаж байгаа явдал нь дороо халуун маагмын эх үүсвэртэй гэсэн баталгаа болдог.
Газарзүйн солбилцол: 48˚11ʹ12ʹʹN, 99˚51ʹ24ʹʹE.
Хорго-Тэрхийн байгалийн үзэсгэлэнт газар, Хоргын Тогоо, Тэрхийн Цагаан нуур, Чулуутын Хавцал гэх мэт жуулчидын үзэж, харах, очих дуртай газруудаараа алдартай.
УРАН ТОГОО УУЛ
Уран Тогоо уул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн засмал замын баруун талд 4 км-т байрладаг. Уран Тогоо уулын суурийн диаметр хаашаа хаашаагаа 1 x 1 км, тогооны амсар нь 370 x 380 м хэмжээтэй, гайхамшигтай тэгш хэмтэй.
Маршрут хийхдээ уулын ар талаас модон дотуур авирч гараад, амсарыг нь бүтэн тойрч алхахад ойр орчмын байгаль үзэсгэлэнтэй сайхан харагдана. Ялангуяа зуны цагт дор харагдах битүү ногоон зүлэг, мод эргэн тойрны уулсыг 360˚ тойрогтой цамхаг дээрээс тольдож байна гэсэн үг. Тогоон дотор нь мод ургасан, ёроолд нь жижиг нууртай.
Хожуу Плейстоцен буюу 25-20 мянган жилийн өмнө унтарсан галт уул гэж үздэг. Хоргын Тогооноос харьцангуй хөгшин гэдэг нь галт уулын тогоо нь үржил шимт хөрс шороогоор хучигдаж, өвс, мод ургаснаар нь шууд тодорхойлж болно. Урагшаа ~80 км-т Могод суманд Хулжын халуун рашаан байрлаж байгаа нь энэ бүс нутгийн дор халуун маагмын суурь холгүй байгаа гэдгийг илэрхийлнэ.
Газарзүйн солбилцол: 48˚59ʹ47ʹʹN, 102˚44ʹ08ʹʹE
Уран Тогоо уулын ойр орчимд айргаараа алдартай Булганы Могод, Сайхан сумууд болон Баян-Агт сумын нутагт Хануй голын эрэг дээр Хануйн рашаан гэх мэт зочилох, амрах газрууд элбэг. Хануйн хүйтэн рашаанд тоолж суух нь хоолойн “ангина” өвчнийг анагаахад тустай гэж ярилцдаг юм билээ.
ШИЛИЙН БОГД УУЛ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт байрладаг Шилийн Богд уул бол Плейстоцены настай галт уул юм. Тухайн бүс нутагт 200 гаруй унтарсан галт уулс байдаг. Энэ нь Плейстоцены цаг үед (11.5 мянгаас 1.8 сая жил) тэнд геологийн асар их идэвхжил явагдаж, газар хөдөлж, галт уулс дэлбэрч байсан гэсэн үг юм.
Монгол эрчүүд Шилийн Богд ууланд өглөөний нар мандахаас өмнө амжиж гарч, уулан дээрээс наранд залбирахыг эрхэм болгодог.
Ойр орчимд нь Алтан Овоо, Ганга нуур, Монгол улсын дархан хилийн 999-р багана гэх мэт гайхамшит газрууд бий.
Нийт 0