ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр харьяа алба, нэгжийн удирдлагуудад “Хөдөлмөрийн дотоод журам”-д орсон өөрчлөлтүүдийг танилцуулж, шинэчлэн баталсан журмыг гардууллаа.
УИХ-аас “Хөдөлмөрийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, ИНЕГ-ын дарга Ажлын хэсэг гаргаж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг Иргэний нисэхийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн баталсан юм.
“Хөдөлмөрийн тухай хууль”-д нийцүүлэн дотоод журмаас гадна дагалдах бусад журмууд, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орж байгаа тул үүнд онцгойлон анхаарч хоёрдугаар сарын 01-ний дотор холбогдох өөрчлөлтүүдийг хийж дуусгахыг ИНЕГ-ын дарга үүрэг болголоо. Мөн шинэчлэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг нэг бүрчлэн судалж, энэ 7 хоногтоо багтаан ажилтнуудад сайтар танилцуулахыг даалгалаа.
ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг салбарын хуульчидтай хамтран ажиллаж, Үйлдвэрчний эвлэл болон алба, нэгж бүрээс санал авч “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулсан бөгөөд ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталсан шинэ заалтуудыг тусгаж өгчээ. Тухайлбал, багшлагч мэргэжилтнүүдийн цагийн үнэлгээнд өөрчлөлт оруулснаас гадна ээлжийн ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдлийг ажиллах нөхцөлөөс хамааран нэмэгдүүлж, ажилтан тэтгэвэрт гарах үед ИНЕГ, түүний харьяа салбар нэгж болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажилласан хугацааг тооцож байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан байна.
Нийт 0