Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн таван бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого юм. Тиймээс тус үйлдвэр ажилтнуудын идэвх санаачилга, бүтээмж түүний үнэлэмжийг эн тэргүүнд тавьж, өнгөрсөн онд хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас зохион байгуулж буй цогц хөтөлбөрүүдийн нэг болох “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн бүтэн жилийн ажлын хаалтын ажиллагаа өчигдөр болж, үр дүнгээ танилцуулав.
Шинэ ажилтныг үйлдвэрийн газрын зорилго, зорилт, үйл ажиллагаатай танилцуулах, хамт олондоо дасан зохицох, мэдлэг, ур чадварыг сайжруулах, дадлагажуулах, зөв хандлагыг төлөвшүүлэн ажиллах урам зориг өгөх, тогтвортой үр бүтээлтэй ажиллуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго чиглэсэн байна. 2020 оны 9 дүгээр сард нээгдэж байсан тус хөтөлбөрт үйлдвэрийн 22 цех нэгжийн 100 залуу ажилтан хамрагдаж, жилийн туршид хүний хөгжлийн 9 удаагийн сургалтад оролцжээ. Тэд хүний хөгжлийн үзэл баримтлал, 21-р зууны ур чадваруудаас эзэмшиж, “Асуудал, шийдэл” цахим хэлэлцүүлэгт тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх, боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга ухаанд суралцсан байна. Мөн оролцогч залуус таван баг болон хуваагдаж, шинэ ажилтанд зориулсан “Хөтөч” гарын авлага, апплейкшн боловсруулан гаргаж, “Ногоон төгөл”-д мод тарих, “Нэг ажилтан-нэг ном” хандивын аян өрнүүлэх зэрэг нөлөөллийн ажлууд зохион байгуулжээ. Түүнчлэн залуу ажилтан, дадлагажуулагч багшийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ ажилтныг ажлын байранд сургах, ур чадвар дээшлүүлэх, баг хамт олонтой дасан зохицох таатай боломжийг нээж өгсөн нь тус хөтөлбөрийн хамгийн чухал үр дүн болсон байна. Ингэснээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шинэ ажилтныг хүлээн авч, дасан зохицуулах байгууллагын соёлыг бий болгосон амжилтаар “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр эхний жилийн ажлаа өндөрлөв. Хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон удирдлагын баг, хөтөлбөрийн хэрэгжүүлэгч баг, шинэ ажилтнууд оролцож, хөтөлбөрийн үр дүнд хамтдаа дүн тавьж, цаашдын зорилтоо тодорхойллоо.
Нийт 0