Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга болон барилгын паспортжуулалтын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Ардабек нар мэдээлэл хийлээ.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1937 барилга бий. Үүний 1413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байна. Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцнуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-ийг нь ашиглахыг хориглосон. Төрийн өмчийн болон олон нийтийн барилга байгууламжийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчитгэх, бэхэлгээ хийх шаардлагатай найм, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилгын дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт өмчлөгч, эзэмшигч болон хяналтын байгууллагад хүргүүлсэн” хэмээв.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “2011 онд орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны ойлголт бий болсон. Үүний дараа НИТХ-ын 90 дүгээр тогтоолоор ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журмыг баталсан. Мөн 2015 онд хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар шаардлага хангахгүй барилгыг буулган дахиж шинээр барих ажил хэрэгжиж эхэлсэн. Бид дээрх хуулийн дагуу тухайн ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх тухай оршин суугчдаас санал асуулга явуулаад байна. Үүний үр дүнд 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжсэн учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгыг буулган, дахин шинээр барих үйл ажиллагаа хийгдэж байна. Одоогоор төмөр замын хойд талын барилгууд болон нэхмэлийн шар барилгууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг нийт 24 багцын 64 барилгын сонгон шалгаруулалт хийгдсэн учир дахин барилгажуулах ажил хэрэгжиж эхэлсэн. Мөн өнөөдрийн байдлаар нийт 27 орон сууцыг буулган 931 айлын есөн орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ жилдээ багтаан дахин хэд хэдэн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Нийт 0