“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр хамгаалах хэрэгслийн нөөцөө хэрхэн бүрдүүлж ажиллаж байгааг Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдоос тодруулахад, “Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвараас хамгаалах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяны хүрээнд бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үйлдвэрийн цех нэгжүүдэд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлт ариутгалын бодисын нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар, үйлдвэрлэл болон нийгмийн бүх цехүүдийг гар ариутгалын бодисоор хангасан. Гадаргуу ариутгалын бодисыг нэмж захиалсан байгаа. Ирэх долоо хоногт нийлүүлэгдэж, цехүүдэд тараахаар төлөвлөлөө. Нэг удаагийн амны хаалт 90 мянган ширхэгийг Тээвэр ложистикийн төвд хүлээж авсан. Үүнээс 40 мянгыг буюу ажилтан бүрт 5 ширхгийг ойрын өдрүүдэд тараана. Мөн 300 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцсыг цагдаа, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод зэрэг ачаа, бараа хүлээн авдаг цехийн ажлын онцлогийн дагуу олгохоор захиаллаа. Түүнчлэн эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэрэг болон бусад ажилтнуудад нүүр хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн бээлийний хангалт хийсэн” гэж хариуллаа.
Нийт 0