Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Үүний хүрээнд даатгуулагч иргэн хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг хувиас нь гаргуулсан бол буцаан авах боломжийг ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор баталж өгсөн байдаг. Өнгөрсөн онд ЭМДЕГ-т 12 иргэний найман эрүүл мэндийн байгууллагатай холбоотой өргөдөл гомдол ирснийг хянаж, үндэслэлтэй гэж үзэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 13,9 сая төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргуулан буцаан олгууллаа.
Түүнчлэн даатгуулагч иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-аас үйлчилгээ аваагүй, гаднаас эм тариа авхуулсан, нэмэлт төлбөр авсан тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой. Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаж, өргөдлөө гаргаарай.
Нийт 0