Нийслэл хотын 380 жилийн ойгоор салбар бүрт бүтээлч ажлууд өрнүүлэх, тэр дундаа соёлын өвийг сэргээн засварлах, оюун санааны арвин баялаг өв уламжлалаа хойч үеийнхэндээ сурталчлан таниулах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил юм.
Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулах аж. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх юм байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ. Цэцэрлэгт хүрээлэнд усалгааны иж бүрэн системтэй холбосон нь хот төлөвлөлтийн шинэлэг шийдлийг гаргаж, ногоон байгууламж бүхий таатай орчныг бүрдүүлж буйг гүйцэтгэгч компанийнхан онцолсон.
Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах, өв соёл уламжлалаа эрхэмлэн нандигдаж хойч үеийнхэндээ өвлүүлэх олон ажлыг хийж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаадлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа, тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтанд оруулах шаардлагатай” хэмээн холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн юм.
Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүжилтийг 2019-2021 онуудад он дамжуулан төсөвлөсөн байсныг энэ онд багтаан шийдвэрлэж ирэх арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулахыг мөн даалгав.
2009 онд цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл батлагдан, нийт 14.470 мкв талбайн 8000 мкв талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсгийг “Ван Трейд” компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрөгч наймдугаар сард газар нь ажиллахдаа шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийгдэх боломж бүрджээ.
Нийт 0