ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт орон даяар үргэлжилж байна. Сургалт зөөгч, бартендер, бариста, тогооч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин угтагч гэсэн 10 чиглэлээр явагдаж байгаа бөгөөд мэргэжлийн багш нар хичээлийг заах юм. Өнгөрсөн онд 9 чиглэлийн мэргэжлээр явагдсан Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтад 10 гаруй мянган иргэнийг хамруулсан бол энэ удаагийн сургалтаар 16 мянган иргэнийг үнэ төлбөргүйгээр сургалтад хамруулж мэргэшүүлэх юм.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2529 хүн тус сургалтад хамрагдаад байна.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан нийт иргэдийг харилцаа, хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад  давхар хамруулж байгаагаараа онцлогтой юм. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилчид мэргэшлээ бататгах, шинэ мэдээлэл авах, мөн энэ салбарт хөдөлмөр эрхлэхийг хүссэн бүх хүн энэхүү сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, гэрчилгээ авах боломж нээлттэй байгаа. Сургалтад хамрагдах талаар мэдээллийг тухайн орон нутгийн сургалтыг хариуцсан мэргэжлийн багаас эсвэл БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас авах боломжтой юм.        

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх