ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНГ ШИНЭЧЛЭВ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНГ ШИНЭЧЛЭВ

    Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн инженер техникийн ажилтнууд үйлдвэрийн хэмжээний инженерийн шугам сүлжээний бүх мэдээлэл, зураглалыг 3D форматад оруулж, шинэчилсэн байна. Тус үйлдвэрийн инженерийн шугам сүлжээний мэдээллийн санг 1996 онд цахим тоон системд шилжүүлсэн байдаг. Үүнээс өмнө инженерийн шугам сүлжээний зураглал зөвхөн цаасан дээр схем хэлбэрээр буулгасан байсныг ашиглаж байв. Харин энэ жил Геологи маркшейдерийн хэлтсийн мэргэжилтнүүд 40 гаруй жил ажиллаж буй үйлдвэрийн инженерийн шугам сүлжээний бүх мэдээллийг нэгдсэн санд нэгтгэж, 3D форматтай бааз үүсгэх ажлыг хийсэн байна. Ингэснээр инженерийн шугам сүлжээний бүх мэдээлэл цэгцтэй, тодорхой болж, нууцын зэрэглэлтэй байх зэрэг давуу тал бүрдэнэ. Нөгөө талаар, шинэ бүтээн байгуулалт эхлэх бүрд өмнөх ажлаа сүйтгэх тохиолдол гардаг байсан. Тухайлбал, зам барих, газар шорооны ажил эхлэхдээ далд байдаг шугамаа эвддэг. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгах үүднээс мэдээллийн санг шинэчилж нэгтгэх шаардлагатай болсон гэж Геологи маркшейдерийн хэлтсийн тэргүүлэх маркшейдер Ч.Батбаяр тайлбарлав. Үйлдвэрийн бүс дэх инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн санг шинэчилснээр дараагийн бүтээн байгуулалтын ажил эхлэхдээ мэргэжилтнүүд шаардлагатай мэдээллийг хайж, өөр эх сурвалжаас асууж тодруулж цаг алдахгүйгээр шууд бэлэн мэдээллээр хангагдах боломжтой. Мөн нэгдсэн мэдээллийн сангаа улам сайжруулж, боловсронгуй болгох шаардлагатай юм. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөлийн ажлын сууринаас нь эхлээд бүх үйл явцад хэмжилт хийж, мэдээллийг нь оруулснаар дараагийн шинэчлэл, бүтээн байгуулалт хийхэд тус дөхөм болох аж. Түүнчлэн мэдээллийн санд үйлдвэрийн барилга байгууламж, шугам сүлжээний насжилт, засвар үйлчилгээ хийх хугацаа зэрэг олон талын мэдээлэл багтсан байна. Мэдээллийн санг шинэчлэх ажлыг Геологи маркшейдерийн хэлтсийнхэн Улаанбаатар хотын “Геокад” компанитай хамтран гүйцэтгэжээ.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх