МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙД АЖИГЛАЛТЫН ADS-B СИСТЕМИЙГ БҮРЭН АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙД АЖИГЛАЛТЫН ADS-B СИСТЕМИЙГ БҮРЭН АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Агаарын навигацийн үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлсэн билээ.

 

2012 оноос хойш өнөөг хүртэл 7 иж бүрдэл ажиглалтын радиолокаторийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 4 ажиглалтын удирдлагын бүсэд ажиглалтын удирдлагын үйлчилгээ явуулж байгаа юм.

 

2013 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан ажиглалтын системийг нэвтрүүлэх, ажиглалтын тоног төхөөрөмжийн хамрах хүрээг өргөтгөх, ажиглалтын системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор дэвшүүлэн тавьсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, концепцийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/139 дугаар тушаалаар баталсан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийт 10 иж бүрдэл dual ADS-B станц, 2 иж бүрдэл single ADS-B станцыг суурилуулан ашиглаж байна.

 

Автомат хамааралтай ADS-B системийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөлгүй, бүсийн болон хөрш улс орнуудын төлөвлөгөөтэй уялдуулан аюулгүй ажиллагааны үнэлгээ, ADS-B системийн илрүүлэлтийн судалгаа, автомат системд илэрсэн үл нийцлүүдийг арилгах зэрэг нэлээдгүй ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэсний үр дүнд ИНЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/169 тушаалаар Автомат хамааралтай ADS-B системийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөхцөл байдлыг танин мэдэх зорилгоор ашиглаж эхэлсэн. Энэ ажлын үр дүнд үндэслэн 2018 оны 6 сард нислэгийн хөдөлгөөний удирдлагын зайчлалд Автомат хамааралтай ADS-B системийг ашиглаж эхлэхээр төлөвлөн ИНЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/612 тушаалаар хэрэгжүүлэх ажлын хэсгийн томилсон байдаг.

 

Автомат хамааралтай ADS-B системийг нислэгийн хөдөлгөөний удирдлагын зайчлалд ашиглах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг нь ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар хэрэгжүүлэх төлөвлөгөө батлуулан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж 2018 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Автомат хамааралтай ADS-B системийг нислэгийн хөдөлгөөний удирдлагын зайчлалд ашиглах ажлын төлөвлөгөөний биелэлт 100 хангагдан ИНЕГ-ын даргын 2018 оны 6 сарын 18-ны өдрийн А/322 дугаар тушаалаар Автомат хамааралтай ADS-B системийг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд агаарын хөлгөөс нэмэлт тоноглол шаардахгүйгээр 2018 оны 6 сарын 18-ны өдрөөс ашиглах тушаал гарсан юм.

 

Мөн Нисэхийн мэдээллийн эмхэтгэлийн 01/2018 AIRAC Supplement бүтээгдэхүүнээр 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0000 UTC цагаас эхлэн Монгол Улсын агаарын зайд ADS-B системийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажиглалтын зайчлалд ашиглахаар зарлан мэдээлсэн боловч цар тахлын нөхцөл байдал, Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанаас өгсөн 9 зөвлөмж, Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны байцаагчийн 7 дүгнэлттэй холбоотой 01/2021 AIRAC Supplement бүтээгдэхүүнээр 2021 оны 11 сарын 04 өдрийн 0000 UTC цагаас эхлүүлэхээр хойшлуулсан болно.

 

Монгол Улсын агаарын зайд ADS-B системийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажиглалтын зайчлалд бүрэн ашиглаж эхлэхтэй холбоотой Цар тахлын үед ажиллах төлөвлөгөө, Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанаас өгсөн 9 зөвлөмж, Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны байцаагчийн 7 дүгнэлтүүдийг залруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангаж ажилласны үр дүнд 01/2021 AIRAC Supplement бүтээгдэхүүнээр зарласны дагуу 2021 оны 11 сарын 04 өдрийн 0000 UTC цагаас эхлэн Монгол улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг бүрэн ашиглаж эхэллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх