“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд-амны хөндийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөн, тархалт хүрээ нь нэмэгдэж байгаа нь анхаарах чухал асуудал болоод байгаа билээ. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог билээ.

2011 онд хийгдсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг Нийслэлийн хэмжээнд үнэлэх, үр дүнг тооцох суурь судалгааны үр дүнгээс үзэхэд шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87.3%-96.2%, 12 насанд 65,3% байв. Хүүхдийн эрүү, нүүр орчмын тунгалгийн булчирхайн үрэвслийн 67.5% нь эрүү, нүүрний халдвараас шалтгаалсан бөгөөд 5-6 насны хүүхдүүдэд энэ үзүүлэлт хамгийн их буюу гурван хүүхдийн хоёрт нь (67.3%) илэрч байна. 2016 онд нийслэлийн төвийн 6 дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9%, эрчим 8.2 байна.

Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв (НШЭНТ) нь эрүүл мэндийн даатгалаар улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг бөгөөд өдөрт 250-300, сард 7000-8000, жилд 92,191 үйлчлүүлэгчдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэдийн ачаалал тус байгууллагын тулгамдсан асуудал болсоор удаж байгаа билээ.

ТЭГВЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗҮГЭЭС “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 225 ДУГААР ТОГТООЛООР БАТЛУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн шүд-амны хөндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, шинэ технологи, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Хөтөлбөрийн дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хангахын тулд амны хөндийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг хүүхдийн насны онцлогт тохируулан тасралтгүй, цогц байдлаар явуулахын зэрэгцээ  иргэдийг шүд, амны хөндийн эрүүл мэндээ хянаж сайжруулах, хоол хүнсний зүйлээ зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болоход нь дэм болох эрүүл мэндийг дэмжигч нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн шүд-амны хөндийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бусад салбарын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

Эдгээр цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх арга хэмжээг хөтөлбөр хэрэгжих 5 жилийн хугацаанд 2-12 насны хүүхдийн дунд зохион байгуулах бөгөөд  уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2019 онд улсын төсвөөс 4,6 тэрбум төгрөг батлагдсан. Маш олон хүүхэд багачууд хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаа. Эхний ээлжинд зорилтот бүлгийн хүүхдүүд буюу 2-6 насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, нэн даруй эмчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүдийг эмчлэх зорилт тавьж байна. Цаашлаад зорилтот бүлгийн хүүхдүүдээ эрүүл шүдтэй болгохын төлөө ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Төлбөрийн хэмжээ батлах тухай” Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 42/А/88 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг батлах тухай” болон “Эрх шилжүүлэх тухай” А/106, А/107 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын А/116 дугаар тушаалаар баталсан “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-ийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг гүйцэтгэх хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулах үйл ажиллагаанд улсын хэмжээнд нийт 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон. Үүнд орон нутгийн 101, нийслэлийн 142 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг байснаас орон нутагт 84, нийслэлд 115 эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар баталсан.

Тус газар нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн дээрх 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ” байгуулах үйл ажиллагааг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч ажиллав. Үүнд:

  • ЭМЯ-тай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын А/116 дугаар тушаалаар баталсан удирдамжийн талаар болон даатгалын гэрээ байгуулах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар сургалт, мэдээлэл хийв.
  • 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн шүдний эмнэлгүүдэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн цахим бүртгэлийн системийн сургалтыг зохион байгуулав.
  • 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн шүдний эмнэлгүүдтэй “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулав.

Гэрээлэлтийн явцад сонгон шалгаруулалтад тэнцсэн цөөн хэдэн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд гэрээ байгуулах шийдвэрээ гаргаж чадахгүй байх, дарга нь гадаадруу явсан байх, утсаар холбогдох боломжгүй байх, эргэж буцах зэрэг асуудлууд үүсгэж, гэрээлэлтийн үр дүнг гаргах явцыг удаашруулж байв.

Ийнхүү 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдээс 37 эмнэлэг гэрээ байгуулахаас албан ёсоор татгалзаж, 161 эмнэлэг гэрээ байгуулжээ.Үүнээс нийслэлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдийн 84 хувь нь, орон нутгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдийн 76хувь нь гэрээ байгуулсан байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх