Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй хүний хөгжлийн “Залгамж” хөтөлбөрийн зорилго нь уурхайчдын залгамж чанарыг бэхжүүлж, ахмад үеийнхний мэдлэг туршлагыг залуу ажилтнуудад өвлүүлэн үлдээх зорилготой. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерийн машинч, ахмад ажилтан С.Лхагвасүрэнгийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаас сурталчлан таниулах уулзалт ярилцлага өнөөдөр боллоо. Уулзалтад “Залгамж” хөтөлбөрийн зохион байгуулах ажлын хэсэг, Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд болон түүний шавь нар, залуу ажилтнуудын төлөөлөл оролцож, ажлын арга барил, амьдралын зарчмын талаар ярилцав. Баяжуулах үйлдвэрийн Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн Үндэсний өв соёлын өргөөнд болсон тус уулзалтаар нь ахмад уурхайчин С.Лхагвасүрэнгийн анх ажилд орж байсан үеийн сэтгэгдэл, багш нарын тухай дурсамж, ажиллах арга барилд хэрхэн суралцсан болон алдаа оноо, сургамжийн талаар залуучууд сонирхож, харилцан ярилцсан нь үр өгөөжтэй болсныг зохион байгуулагчид онцоллоо.
Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Конвейерийн машинч С.Лхагвасүрэн нь эрүүл мэндийн салбарт 9 жил, уул уурхайн салбарт 28 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай, тэргүүний уурхайчин юм. Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ бүтээмж дээшлүүлэх, ажил хөнгөвчлөх, ажлын байрны эрсдэлийг бууруулах, орчин нөхцлөө сайжруулах чиглэлээр олон сайн санал, бүтээлч ажлыг тогтмол санаачлан ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”-аар 4 удаа шалгарч байсан бүтээлч санаачлагч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн манлайлагч ажилтан ажээ.
Нийт 0