НИСЛЭГИЙН УДИРДАГЧ Б.ДАВААСАМБУУГ “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

НИСЛЭГИЙН УДИРДАГЧ Б.ДАВААСАМБУУГ “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Монголын залуучуудын холбоо “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагнасныг ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Р.Амарбаясгалан өнөөдөр гардууллаа.

Нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нь энэ оны нэгдүгээр сард Монгол Улс, ОХУ-ын агаарын хил орчимд нийт 420 гаруй зорчигчтой, Аэрофлот, Корейн Эйр компанийн хоёр агаарын хөлөг нэг агаарын замд мөргөлдөж болзошгүй аюул үүссэн байгааг урьдчилан тооцоолж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган, нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилласан юм.

Түүний энэ гавьяаг үнэлж ИНЕГ-ын дээд шагнал “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр шагнасан. Түүнчлэн ОХУ-ын "Хил хязгааргүй агаарын навигаци" нийгэмлэгийн шагналыг хүртээд байгаа билээ.

Б.Даваасамбуу нь НХҮА-нд Нислэгийн удирдагчаар 11 дэх жилдээ ажиллаж буй, өдгөө 30 настай, иргэний нисэхийн салбарын бахархал болсон залуу боловсон хүчний нэг. Тиймээс МЗХ түүнийг Монголын Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлж “Тэргүүний залуу” цол, тэмдгээ олгосон гэдгийг шагнал гардуулах үеэр Захиргааны хэлтсийн дарга Л.Тайванжаргал тодотгож байв.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх