ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХАА ЯРИЛЦЛАА

ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХАА ЯРИЛЦЛАА

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа.

   Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо. 

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх