Цагаан тоосны дэгдэлтийн талбайгаас сурвалжиллаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрлэлийн хаягдал булингаас үүсдэг хуурай элс, салхинд дэгдсэнээс “цагаан тоос”-ны асуудал эхлэлтэй. Энд 2000 гаруй га талбайг Хаягдлын аж ахуй эзэлдэг. Үүний 1400 гаруй га нь хуурай талбай бол 900 орчим га талбайг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэдэг.
Хамаг сайхны эхлэл хавар цагтай зэрэгцэн айлчилдаг хавсарга салхины улирал “цагаан тоос”-ны жинхэнэ ташуур болох нь бий. Чухам энэ л цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ч цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан багийнхан ажлын цагаа уртасгаж, амралтын өдрүүдээ хугаслан ажилладаг юм. Өнөө жил ч цаг агаарын онцлогт уялдуулан цагаан тоос дарах ажлаа үргэлжлүүлж байна.
Энэ удаа биднийг газарчилсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторинг хариуцсан инженер Н.Наранчимэг ярихдаа “Өнөөдрийн байдлаар, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах байнгын ажлын алба, Ган бөөрөнцгийн цехийн нийт 11 хүний бүрэлдэхүүн цагаан тоосны талбайд хүч нэмэгдүүлэн, өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна. Цагаан тоос дарахдаа бид олон технологийн аргыг хослуулан ашигладаг. Хөрсөөр хучих, кальци хлоридын уусмалыг устай хольж зориулалтын техникээр шүрших, нөхөн сэргээлтийн ажилд ашиглаж байсан хуучин тороор хуурай талбайг хучих гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарж байна. Хаягдлын аж ахуйд Авто тээврийн цехийн 40 тонны даацтай гурван БелАЗ байнга ажилладаг. Эдгээр техникээр өдөрт 50 орчим удаа ус зөөвөрлөж, шүршигч төхөөрөмжөө цэнэглэн талбайг норгож байна. Бид өнгөрсөн хавраас поликулиант буюу холигч бодис ашиглан барьцалдуулах технологийн арга туршиж эхэлсэн нь үр дүнтэй болж, нийт талбайнхаа 80 хувийг нь дараад байгаа. Одоо үлдсэн 20 хувийг дарна. Энэ хэсэг нь талбайн булан тохой учраас хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, техникийн боломж хүрэлцэхгүй, технологийн онцлог зэргээс шалтгаалан хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хэсгийн талбайд хүрч дарах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь салхины хурд 4 метр секунд хүрэх төдийд л тоос дэгдэж эхэлдэг байсан бол одоо 12 метр секунд хүртэл хурдтай салхинд зөвхөн үлдсэн 20 хувийн талбайгаас цагаан тоос босож байгаа” гэсэн юм.
Нийт 0