НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГААР Р.ДАГВА СОНГОГДЛОО

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГААР Р.ДАГВА СОНГОГДЛОО

Хэлэлцэх асуудлын дараалалд орсон НИТХ-ын даргыг сонгох асуудлын хүрээнд НИТХ дэх МАН-ын бүлгийн гишүүн Д.Бямбадорж МАН-ын бүлгийн саналыг танилцуулсан. Тэрбээр МАН-ын бүлгийн зүгээс  төлөөлөгч Р.Дагвын нэрийг дэвшүүлэв.

Дэгийн дагуу төлөөлөгчдөөс Хурлын даргад нэр дэвшүүлэх төлөөлөгч байгаа эсэхийг хурал даргалагч асуухад төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа илэрхийлэв.

Үүнтэй холбогдуулан НИТХ дэх  МАН-ын бүлгээс нэг цагийн завсарлага хүссэнийг хурал даргалагч Б.Батнасан хүлээн авч 30 минутын завсарлага өглөө. Завсарлагын дараагаар НИТХ-ын даргыг сонгох тооллогын комисс байгуулах асуудлаар хэлэлцэхээр болоход НИТХ-ын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаагаа илэрхийлэв. АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авахаа мэдэгдсэн боловч Хурал даргалагчийн зүгээс  Дэгийн  4.5 дах заалтыг дурдан нэг цагийн завсарлага өгч байгааг илэрхийллээ.  Нэг цагийн завсарлагын дараа АН-ын бүлгийн 11 төлөөлөгч хуралдаанд оролцоогүй ч, хуралдаанд оролцож буй МАН-ын 29 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Р.Дагва НИТХ-ын  даргаар сонгогдож, түүнд хурал даргалагч Б.Батнасан Хурлын  тамгыг хүлээлгэн өглөө.

 НИТХ-ын Р.Дагва тамгаа хүлээж авсаад хэлсэн үгэндээ “Би уг нь 4 хуудас илтгэл бэлтгэсэн, түүнийг унших юм бол лавтай 15-20 минут болно.  Цаг орой болсон тул та нөхдөө чилээгээд яах вэ, надад үг хэлэх боломж,  цаг хугацаа олон олдоно.  Хэлэх зүйлээ хэлэхээс илүүтэй хийж хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллана гэдэгтэй итгэлтэй байна” гэв.

НИТХ-ын ээлжит XXII хуралдааны хэлэлцэх асуудлын  гуравдугаарт эрэмблэгдсэн “Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээний хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд холбогдох 1998 онд батлагдсан Авто замын хуулийн дагуу хуулийн дагуу нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлээс авто зам ашигласны төлбөр авах журам болон нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээс  авто зам ашигласны төлбөр, Улаанбаатар хотын шалган нэвтрэх товчоодоор нэвтрэн орж ирж байгаа орон нутгийн тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөр хураамж зэргийг баталж мөрдүүлж ирсэн. 2017 оны 7 сарын 01-ний эхлэн Авто замын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэлийг баталж, холбогдох журмыг мөрдөж эхэлсэнтэй  холбоотойгоор  төлбөр хураамжийн хувь хэмжээг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар оруулж ирж байна. Төлбөр, хураамжийн хувь хэмжээнд ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд гагцхүү хуульд нийцүүлэн баталж өгнө үү хэмээн та бүхнээс хүсэх байна” гэв.  Төлөөлөгчдөөс горимын санал гарч, төлбөр хураамжийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй, зөвхөн хуульд нийцүүлэхийн тулд НИТХ-ээр хэлэлцүүлэн тогтоол шийдвэр гаргах тул ямар нэг асуулт, саналгүйгээр шууд батлая гэсэн  санал дэмжигдэж, тус асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын төгсгөлд эрэмлэгдсэн Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалтад авах асуудлын тухайд Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан асуудлаа буцаан татаж байгаагаа илэрхийллээ. Учир нь орон нутгийн хамгаалтад авахаар төлөвлөсөн хамгаалалтын бүсэд 37 айл өрх хамрагдах болчихоод байгаа гэнэ. Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх нь зөрчигдөж байгаа асуудлын тухайд заавал иргэдийн дунд нийтийн сонсгол, хэлэлцүүлэг явуулах ёстой. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу тухайн асуудлаар нийтийн хэлэлцүүлэг, сонсгол явуулчихаад эргээд НИТХ-ээр хэлэлцүүлэхгүй бол НИТХ өөрөө хууль зөрчсөн болчих тул энэ асуудлаа эргүүлэн буцаан татаж байгаа гэдгийг тэрбээр уламжиллаа. Төлөөлөгчдийн олонхи нь асуудлыг дэмжиж буцааснаар НИТХ-ын ээлжит XXII хуралдаан хэлэлцэхээр төлөвлөсөн дөрвөн асуудлаа амжилттай хэлэлцэж өндөрлөлөө.  

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх