Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа орон сууцтай болоход нь зориулж 12 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Уурхайчдад 2011 оноос орон сууцны дэмжлэг 8 сая төгрөг олгож эхэлсэн бөгөөд 2019 оноос 12 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Уг дэмжлэгийг Эрдэнэт үйлдвэрт гурваас дээш жил ажилласан хүнд олгодог байсныг энэ оны 7-р сараас нэгээс дээш жил ажилласан бол, түүнчлэн эхнэр нөхөр хоёулаа Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бол тус бүртээ хүртэх боломжтой болжээ. Өнөөг хүртэл 3000 гаруй ажилчинд 27,4 тэрбум төгрөгийн орон сууцны санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү дэмжлэгийг хүртсэн залуусын төлөөлөл ийнхүү ярьж байна.
Засвар механикийн заводын Механик цехийн токарьчин Ж.Бат-Эрдэнэ: Би Технологич инженер мэргэжилтэй. 2014 онд ээжийгээ гавьяаны амралтдаа гарах үеэс би ажил үйлсийг нь үргэлжлүүлж явна. Эрдэнэт үйлдвэр залуу ажилтнуудаа сурч хөгжих, тав тухтай ажиллаж амьдрах бүхий л нөхцөлөөр хангадаг. Манайх хоёр хүүхэдтэй. Эхнэр маань бас үйлдвэрт ажилладаг. Биднийг орон сууц авахад үйлдвэрээс маань 12 сая төгрөг олгосон. Энэ бол манай гэр бүлд том хөрөнгө оруулалт болсон. Би ажлынхаа хажуугаар мэргэжлээрээ магистрт суралцаж байгаа. Цаашдаа чадварлаг инженер болох зорилготой ажиллаж байна гэв.
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн машинч Д.Бямбанаран: Би аавынхаа ажил мэргэжлийг залгамжлан зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр багш шавийн гэрээтэй ажилладаг. Багшаасаа, ахмад ажилчдаасаа их зүйлийг сурч байна. Бид өнгөрсөн жил 2 өрөө байр худалдан авсан. Байрныхаа урьдчилгаа төлбөрийг үйлдвэрээс олгосон 12 сая төгрөгөөр бүрдүүлсэн. Үйлдвэрээс үзүүлж буй тусламж дэмжлэг амьдралд минь үргэлж гэрэл гэгээ нэмдэг. Бидний цалин л гэхэд бусад үйлдвэр аж ахуйн газруудтай харьцуулбал өндөр. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжих боловсрох, сайн ажиллаж, сайхан амьдрах бүхий л боломжоор хангадаг энэ сайхан үйлдвэртээ хувь заяагаа холбосондоо баяртай явдаг гэв.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа 24 төрлийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэг үзүүлдэг. Уурхайчдад олгодог цалин урамшуулал, нийгмийн дэмжлэг тусламжаараа улсдаа тэргүүлдэг энэ үйлдвэрийн нэг ажилтны дундаж цалин 3,2 сая орчим төгрөг болжээ.
Нийт 0