БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсиртай уулзалт хийлээ. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа техникийн болон санхүүгийн төслүүдийн хэрэгжилт, явц байдал, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, ярилцлаа.
ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсир: “Юуны өмнө таныг БОАЖ-ын сайдаар томилогдсонд маш их баяртай байгаагаа илэрхийлье. Өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжсэн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд цаашид ч үргэлжилнэ гэж бид итгэж байна. Герман улсын Засгийн газар Монголын ард түмэнд гайхамшигтай унаган байгалиа хамгаалах, энэ хэвээр нь хадгалан үлдэхэд туслахаар гранд буюу буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ төслийн хүрээнд хамгийн сүүлд Хустай нурууны байгаль хамгаалагчдад орчин үеийн шинэ орон сууцыг барьж өгснийг та мэдэх байх. Энэ мэтчилэн маш том бүтээн байгуулалт, худалдан авалтын ажлуудыг төслөөр дамжуулан Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудад хийсээр байна. Төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бидэнд тулгарсаар байгаа бэрхшээл бол Монгол улсын талаас амласан урсгал зардлуудын асуудал байна. Үүнд таныг анхаарлаа хандуулж, шийдүүлэх чиглэлд ажиллана гэж найдаж байна. Дараагийн нэг асуудал нь Улаанбаатар хотын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн барилгуудын дулаан, эрчим хүч хадгалалтыг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ төсөл эхэлж байгаа. 22 сая еврогийн хөрөнгө оруулалттай тус төсөл нь гэр хорооллын 30-40 цэцэрлэгийг орчин үеийнхалаалт дулаалгын системээр хангах юм. Үүнд та бүхнийг хамтран ажиллана гэж найдаж байна.”
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагч нарыг ажиллах нөхцлөөр хангах ажилд хамгийн чухал, бодит хөрөнгө оруулалтыг оруулж байгаа Сэргээн босголтын зээлийн банкинд МУ-ын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам маш их баяртай байдагаа илэрхийлье. Монгол улсын хувьд Ковид-19 цар тахлаас үүдэн төсөв маш их хүндэрсэн. Үүнийг ойлгож, уян хатан хандаж байгаад мөн баяртай байна. Бид 2021 оны төсөвт Монгол улсын талаас амласан хөрөнгө оруулалтуудыг тусгуулахад санаачилгатай ажиллаж болно. Та бүхний хөрөнгө оруулж байгаа тусгай хамгаалалтын газар нутгуудын техник, хэрэгслийн худалдан авалтын урсгал зардал буюу засвар, бинзес, тос гэх мэт зардлуудыг манай тал хариуцан ажиллахаа мэдэгдье. Цаашид та бүхний буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулсан Монгол орны тусгай хамгаалаттай газар нутгуудын үйл ажиллагааг чанаржуулах, эрчимжүүлэхэд хяналт тавин ажиллана. Та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэохийлье.”
Нийт 0