Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Төрийн ордонд “Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнөөр төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, уламжлал ба орчин үе, угийн бичиг хөтлөхийн ач тус, сошиал орчны зөв хэрэглээ, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл, хүүхэд хүмүүжүүлэх арга зэргийн талаар зөвлөлдөв.
Зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож үг хэллээ. Засгийн газар “Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлж, бат бөх, хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин, нөхцөлөөр хангах, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах” зэрэг зорилт дэвшүүлж гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн байгуулллага ажиллуулж байгааг тэрээр тэмдэглэв.
УИХ-ын намрын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт бүхий үйлчилгээг иргэдэд хүргэх, гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, тогтвортой хамтын амьдрал, хөгжлийг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн орчин, нөхцлийг бүрдүүлэхээр тусгасныг хэлэв.
Төсөл батлагдсанаар гэр бүл салалт буурч, хүүхэд хамгаалал сайжрах, гэр бүлийн боловсролыг бүх шатанд олгох, энэ чиглэлээр тасралтгүй сургалтявуулах, хүүхдийн өмчлөх эрхийг нээснээр хүүхдийн ирээдүйн өв сангийн эх суурийг тавих, хүүхдийг асрамжийн газарт бус гэр бүлд нь асарч хүмүүжүүлэх орчин бүрдэх зэрэг эерэг орчин бүрдэх юм.
Манай улс 895 орчим мянган гэр бүлтэй. Өнгөрсөн онд “Гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” судалгаа явуулсан байна. Ингэхэд гэр бүлийн үнэт зүйлд эрүүл мэнд чухал гэж 82,7 хувь нь хариулжээ. 77 хувь нь үр хүүхэд, 37,9 хувь нь гэр бүлийн амар амгалан, бат бөх байдал, 26,6 хувь нь боловсрол гэж үздэгээ илэрхийлсэн байна.
Өр зээл, ажилгүйдэл, үнийн өсөлт, өвчлөл, хүүхдийн амин дэмийн дутагдал, эхнэр, нөхрийн архины хамааралтай байдал, хэрүүл маргаан, үл итгэлцэл зэрэг нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг гэж багагүй хувь нь хариулжээ
Нийт 0