НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хурлаар таван асуудал хэлэлцлээ. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл баталж, нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр боллоо. Түүнчлэн нийслэлийн зарим иргэний төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаагийн хурлаар төрийн дээд одон медалиар шагнах тухай журамд заасан шаардлага хангасан нийт 232 иргэний материалыг хүлээн авч хэлэлцэн, Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн 2019 онд хэрэгжүүлэх концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, энэ онд хэрэгжүүлэх концессын зүйлийн жагсаалтад хог хаягдал дахин боловсруулах, шатаах үйлдвэр барих төсөл болон нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний автомат угаалгын газар барих төслүүдийг  нэмж тусгах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний автомат угаалгын газар барьж ашиглалтад оруулснаар саарал усыг ашиглах, усан хангамжийг сайжруулах, усыг арвилан хэмнэх, гэр хорооллын ариун цэврийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн захирал Ж.Билигсайхан танилцуулгын үеэр дурдсан. Эхний ээлжид нийслэлийн 50 хороон дээр дээр автомат угаалгын газар барьж байгуулах тухай саналыг тус байгууллагад хувийн хэвшлийнхний зүгээс ирүүлээд байгаа аж.

Уг асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын айл өрхүүдийн усны хэрэглээний 80 орчим хувийг хувцас угаах, сав суулга цэвэрлэгээ зэрэгт ашигладаг бөгөөд ингэхдээ угаалгын нунтаг, сав угаагч шингэн зэрэг химийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад, шууд хөрсөнд асгадаг гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс автомат угаалгын газар ашиглалтад оруулснаар иргэдийн усны хэрэглээ буурч, зөвхөн хоол хүнсэндээ ус хэрэглэдэг болох эхлэл тавигдана гэж үзэж байгаа” гэсэн юм. Тэгвэл Улаанбаатар хотод хог хаягдлыг шатаах, дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглах тухай төслийг уг жагсаалтад оруулахыг хэлэлцэж дэмжсэн. Ингэхдээ  хувийн хэвшлийнхний санал санаачилгыг ажил хэрэг болгохын тулд ТЭЗҮ-ийг боловсруулах, газрын асуудлыг шийдвэрлэх, холбогдох судалгаа мэдээллийг бэлтгэж танилцуулах зэрэг шаардлагууд байгааг Тэргүүлэгчид хэлж байлаа.

Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцсэн. Нийт 54 байгууллагаас хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 28 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэлээ. Үлдсэн 22 байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулах байр нь шаардлага хангаагүйн дээр  зөрчил, дутагдал ихтэй байгаа учраас хойшлуулахаар ажлын хэсгийн танилцуулгад дурдсан байлаа.  

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх