Нар наашилсан хаврын сайхан өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, “онгон дагшин” мэт ялгарч харагдах нь гайхам сайхан.
Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах явцад байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нөхөн сэргээлтийн ажлыг зэрэгцүүлэн явуулах бодлого “Эрдэнэт үйлдвэр” баримталсаар ирсэн. Үүний нэгэн бодит жишээ нь энэ овоолго. 2007 оноос хойш жил бүр энд 50 сая төгрөг төсөвлөн, хоёроос дөрвөн га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр өнгөрсөн хугацаанд таван хэсэг газарт нийт 36,2 га талбайд 37300 шинэс, 4420 улиас, 4350 хайлаас, 2200 чацарганын мод тарьж ургуулан олон настын үрээр ургамалжуулсан байна. Газрын гадаргаас 100 гаруй метр өргөгдсөн, байнгын салхитай бөгөөд нартай өдөр хөрсний халалт ихэсч, хуурайшдаг онцлогтой энэ овоолгод нөхөн сэргээлт хийх амар ажил байгаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн чадсаныг бэлхнээ харж болно. Уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн энэ газрын онцлогт тохируулан биологийн нөхөн сэргээлт хийснээр унаган төрхийг нь бүрэн сэргээжээ. Зуны цагт энд цомцогт баавар, зоосон, алаг башир зэрэг цэцэгс алаглан, яргуй, сөд, таван салаа, чацаргана, үхрийн нүд гэх мэт эмийн ургамал, жимс ургаж, чийгийн улаан хорхой, царцаа, эрвээхий элбэгших төдийгүй оготно, зурам, үнэг туулай хүртэл гүйлдэнэ. Эрдэнэсийг нь “шүүсэн” хоосон чулуулгийн овоолго дээр мод сөөгөөр биологийн нөхөн сэргээлт амжилттай хийсэн Монголын уул уурхайн анхны газар бол “Эрдэнэт үйлдвэр” юм. Үүгээрээ ижил төстэй бусад үйлдвэрүүдэд үлгэр жишээ үзүүлнэ гэж байгаль орчны мэргэжилтнүүд үздэг. Нөхөн сэргээлт одоо ч үргэлжилсээр...
Нийт 0