Өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн эрэгтэй ажилтан сорох хоолойг цэвэрлэх үед лагаас гарах метан хий алдагдаж, хорт хийнд нийтдээ есөн ажилтан хордсон байна. Амиа алдсан ажилчид хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа хордож 30-35 насны дөрвөн хүн газар дээрээ нас барсан аж. Харин таван хүн одоогийн байдлаар хордлого тайлах эмчилгээг Цэргийн төв эмнэлэгт хийлгэж байгаа юм байна.
Дээрх харамсалтай хэрэг өдрийн 15:35 цагт гарсан бөгөөд НОБГ-ын аврах ангийн хоёр баг осолдсон газар ажиллаж, хорт хийнд угаартсан дөрвөн иргэний цогцсыг гучаад минутын зайтай гаргажээ.
Хэргийн газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагын ажилчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан юм. Мөн нас барсан ажилчдын ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн ажилчид зэрэг олон хүн оройн 21.00 цагт хүртэл мэдээлэл авахаар Төв цэвэрлэх байгууламжийн гадна байв. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба нарийн мэдээлэл, шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.
Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэргийн газар дээрээс сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ:
-Төв цэвэрлэх байгууллагын лаг дээр ажиллаж байсан хүмүүс хийнд хордсон. Лаг руу унасан зүйл болоогүй. Одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны дараа бид бүхэн албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлнэ. Нийтдээ есөн хүн хордсон байна. Үүний дөрөв нь амиа алдаж, үлдсэн нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт бид эмгэнэл илэрхийлсэн. 18.30 цагийн үед авсан мэдээллээр хордсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Гэхдээ нэг хүнээс нь онцгойлж дээж авч ямар химийн бодист хордсоныг заавал шинжилгээ авах ёстой. Хэрэв хоёр цагийн дараа шинжилгээний хариу хэвийн гарвал энгийн тасагт шилжүүлнэ. Ямар хий вэ? гэвэл лагаас гарсан хортой бодис гэсэн үг. Ерөнхийдөө шалгалтаар ямар хий болох нь илрэх ёстой. Хуулийн байгууллагаас албан ёсны дүгнэлт удахгүй гарна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ:
-“Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа С.Батболд бидэнтэй байнга холбоотой байгаа. Хордсон таван хүнийг хордлогыг тайлж байна. Бүгдээрээ амьсгал сайжруулах, хордлого тайлах аппаратад орлоо. Тэдний биеийн байдал гайгүй тогтвортой байна. Нэг хүнд шинжилгээ хийж байна. Ямар төрлийн хорт бодисоор хордсон нь шинжилгээгээр тогтоогдсоны дараа энгийн тасаг руу шилжүүлнэ. Дотор крантыг цэвэрлэх хоёр хүн байсан байна лээ. Нийтдээ хөдөлмөр хамгааллын инженер таван хүн байсан. Доор байсан хоёр хүн хордоод тэр хоёрыг татаж авахаар явсан хоёр хүн хорт хийнд угаартаж амь насаа алдсан байдал нь бичлэгт үлдсэн харагдаж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Нийт 0