ТАМЛАГДСАН ГЭГЭЭРЛИЙН САЛБАР

ТАМЛАГДСАН ГЭГЭЭРЛИЙН САЛБАР

ГЭГЭЭРЛИЙН САЛБАР ЗИНДААРХЛЫН СОЛИОРОЛ БОЛТОЛОО ТАМЛАГДАВ

Хувийн сургуульд чанарын ялгаа байгааг үгүйсгэхгүй. Бас төлбөр өндөр байх тусам боловсрол өндөр эзэмшинэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгийн төлбөртэй сургууль математикийг 50 дахин илүү чанартай заах боломжгүй. Сүүлийн жилүүдэд хувийн сургууль дээр бий болоод байгаа кастын давхарга, нийгмийн ангилал нь хүүхдүүдийн хүмүүжилд харин ч сөрөг нөлөөтэй.  Энгийн ардын хүүхдүүдээс хүүхдээ дээгүүр ангилж элит айлын хүүхдүүдтэй нэг орчинд байлгах гэж өндөр төлбөртэй сургуульд явуулж байгаа нь ердөө эцэг эхийн "ЗИНДААРХЛЫН СОЛИОРОЛ".

Эцсийн эцэст тэр хүүхэд 50 саяын төлбөртэй сургууль төгссөн ч энгийн нэг улсын сургууль төгссөн хүүхэдтэй нэг л нийгэмд амьдарна. Нэг л хуулийг даган мөрдөж, нэг л агаараар амьсгална. Хүмүүний жам ёсыг өөрөөр загварчлах боломжгүй. Ер нь хүүхэд анхнаасаа тэгж ялгарахыг хүсээгүй. Гар утас, пүүз гэх мэт хэрэгслүүдээр зиндаархах сэтгэлгээг анхнаасаа сонгоогүй.

ГЭГЭЭРЛИЙН САЛБАР НЬ АШИГ ХОНЖООНЫ ХЭРЭГСЭЛ БОЛТОЛОО ТАМЛАГДАВ

Чанар стандартаа мөрдөөд боловсрол, гэгээрлийн салбарт амжилттай, өндөр ашигтай яваа сургууль бүхнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү боловсролыг арилжааны хэрэгсэл болтол төөрүүлсэн систем эцэстээ солиоролд автсаныг хянах цаг нэгэнт болжээ. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын зорилтот зах зээл нь улс төрийн албан тушаалтнууд, бизнесийн компаниуд. Тэдний дунд төрийн албан хаагчид ч нэлээдгүй байна. Төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын хүүхдүүдийн төлбөрийг лизингээр сургадаг сургуулиуд ч нэлээдгүй байх юм. Нэгэнт хүүхдүүдээ сургаж эхэлсэн л бол өндөр төлбөрийг нь хулгай хийгээд ч гэсэн олоод төлөх л болно. Энэ системийн солиорол нь иргэнээ авлигаруу түлхэж, цаашлаад ийм орчинд хүмүүжиж буй хүүхдүүд академик боловсролтой авлигачид бэлтгэгдэж байгаа мэт айдас төрж байна. Боловсролтой болохын тулд төлбөр төлөх нь буруу биш. Угаас энэ чинь үнэ цэнэтэй зүйл. Харин шуналтнуудын ашиг хонжооны хэрэгсэл байж болохгүй.

Яг одоо өрнөж байгаа “British school of ulaanbaatar” сургуулийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нь боловсролын талбар ашиг хонжооны хэрэгсэл болсоныг илтгэнэ. Уг сургуулийн захирал төрийн гурван өндөрлөгт хандаж: -Байгуулсан сургуулийг маань хөрөнгө оруулагч нь хүчээр булааж авч байна. Ядарсан ардыгаа хамгаалаач... хэмээн уйлан мэдэгдэл хийв. Мэдэгдлийг нь ухвал гайхширал төрүүлэх зүйл олонтаа. 20.000$-ын төлбөртэй сургуулийн захирал ядарсан ардын төлөөлөл үү? Тэр байшинд ер нь ядарсан ардаас хэний хүүхэд сурдаг юм бол...? International school of Ulaanbaatar сургууль Ахлах ангийн төлбөр 25.408$ (67.204.160₮). Тэднийхтэй ойролцоо American school of Ulaanbaatar Ахлах ангийн төлбөр 22.000$ (58.190.000₮), Элит дунд сургууль 11.300.000₮, Global international school 10.000.000₮, Сакура бүрэн дунд сургууль 9.500.000₮-ийн төлбөртэй. Энэ мэт хөвөрнө.

ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛИУД ДОТОРХ НОЦТОЙ БАРИМТ

2017 оны 12-р сарын 15-нд УИХ-д гурван удаа сонгогдож байсан, Уул уурхайн сайд асан Бридж хэмээх Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн мэдэгдэл нийгмийг цочирдуулсан. Эргэн сануулахад Blue Sky Tower-т болсон 16 насных нь төрсөн өдрийнх нь дараа өөрийг нь болон дүүг нь хар тамхиар мансууруулж ээлжлэн хүчиндсэн хүүхдүүдийн ноцтой хэргийг мэдээлсэн юм. Г.Номуундарь тэр өдөр 16 нас хүрч байсан, түүний дүү нь гэхээр хэдэн настай байсан тухай төсөөлөхөд уншигч таны зүрх шимширч байгаа байх. Тухайн мэдэгдэлд Ramada, Corporate, Blue Sky гэх мэт өндөр зэрэглэлийн газруудаар зугаацдаг хар тамхитай нэр холбогдох хүүхдүүд нь бүгд л эцэг эхийн зиндаархлын галзууралд хэлмэгдэж буй өндөр төлбөртэй сургуулийн сурагчид байв. 

УЛСЫН СУРГУУЛЬ ХҮРТЭЛ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН НӨЛӨӨНД ТАМЛАГДАВ

Нийслэлд Ерөнхий боловсролын 138 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ дотор сайн муу сургууль гэх ойлголт нэгэнт бий болжээ. Сайн гэх сургуулиудад хүүхдээ оруулахын тулд заавал дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдөөс эхлээд УИХ-ын гишүүн, яам, сайдаар хүртэл дамжуулан хэлүүлж байж арын хаалгаддаг, эсвэл авлига өгч хүүхдээ оруулдаг нь заншил мэт болсон. Ойрын жишээ гэвэл 2018 оны 10-р сарын 05-нд 1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьж цагдан хорьсон билээ. Үнэхээр сургуулийн чанар ялгаатай байна уу, эсвэл улсын сургууль ч гэсэн зиндаархлын солиоролд өртөөд байна уу. Тэдэн саяыг өгч хүүхдээ тэр сургуульд орууллаа, танайх хэдийг өгсөн бэ... гэх эцэг эхчүүдийн хоорондын яриа цочоод байх зүйл биш болжээ.

СУУРЬ БОЛОВСРОЛЫН СИСТЕМЭЭ ТӨРИЙН БОДЛОГООР ХАМГААЛЖ ИРСЭН ХОЁР ӨӨР УЛСЫН ЖИШЭЭ

Швед улсад хүүхдийг танхимын хичээлд сургахаас өмнө хүн хоорондын харилцаа, байгаль, ан амтан, эд юмстай харилцаж төлөвшүүлэхийг чухалчилсан гол бодлогыг баримталж боловсрол олгодог. Харин ахлах ангид орохоор нь нэгдсэн нэг л бодлоготой танхимын хичээлийг зааж эхэлдэг байна. Бүх сургууль тэр л системээр ажилладаг. Эцэг эхийн баян, ядуугийн ялгаа нөлөөлөхгүйгээр нэг л танхимд нэг л системээр бэлтгэгддэг.

Япон улсад хүүхдийг 13 нас хүртэл нь Япон хэлнээс өөр хэл заахыг хориглож хуульчилсан. Харин Монголд бол Хятад, Солонгос, Америк, Английн хөрөнгө оруулалттай сургуулиуд эх хэлээ эзэмшээ ч үгүй үрсийг тухайн хэлд оруулан дурын хөтөлбөрөөр сургаж байгаа нь суурь боловсролын үндсэн бодлогыг сарниулж төлбөрөөр үнэлэх боломжгүй үндэсний оюун санааны дархлааг ганхуулахад хүргэж байгаа нь эмгэнэл.

ТОГТОЛЦООГ ТАМЛАСАН БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ

Боловсролын хуулийн 12 дугаар зүйлийн 2-т: Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно... хэмээсэн нь Монголд боловсролыг ашиг хонжооны хэрэгсэл болгохыг хуулиар зөвшөөрсөн гэсэн үг. 

Уг нь: Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлд: Төрөөс бүх нийтийн Ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно... хэмээн Монгол хүний үндсэн эрхэнд хамаатуулан хуульчилсан байдаг. Гэтэл ашиг хонжоо хайгчид төрөөс үнэгүй авах суурь боловсролыг 250.000$ хүртэл дамлаж, суурь боловсролыг тамлав. Зиндаархлын галзуурал, сэтгэлгээний солиорол байгаа цагт энэ мэт бизнес улам бүр цэцэглэнэ. Гагцхүү өндөр төр хуулиараа зохицуулах л ёстой. Хувийн сургуулийн төлбөрийн дээд хэмжээг тогтоож, суурь мэдлэг олгож буй бүхий л сургуулиуд нэг л стандарт системийг дагаж мөрдөн ажиллах тогтолцоог мөн л хуулиар зохицуулах шаардлагатай.

Ядарсан нэгний бүх насаараа хөдөлмөрлөөд олж чадаагүй их мөнгийг төрийн албан хаагч жил болгон хүүхдийн сургалтын төлбөртөө төлдөг. Боловсролыг ингэж авах шаардлага бий юу? Ер нь боловсрол гэж юу билээ? Төлбөрөөр үнэлэгдэх академик хичээлээс илүү хүүхдийг зөв иргэн болгож төлөвшүүлэх нь чухал биш үү...

Зарим улс оронд боловсрол үнэ төлбөргүй гэж ярьдаг ч үнэндээ тэр нь хамгийн их өгөөжтэй ХО байдаг. Бүх нийтийн сайн боловсролын өгөөж нэн өндөр нь батлагдсан зүйл. Тэгээд ч боловсролгүй хүнийг насан туршид нь тэтгэх нь мөн их өндөр зардалтай зүйл. Үүнд социализм ямар ч хамаагүй.

— Enkhbat Dangaasuren (@enkhbat) February 24, 2019
 

Европт нэг хүнийг бага сургуулиас нь эхлээд тухайн мэргэжилтэн болгоход нэг сая доллар зарцуулагддаг. Цааш нь тэр хүн тэтгэвэрт гартлаа ажиллахад нийгмийн өгөөж нь 10 сая орчим доллар байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ.

— Baabar (@Baabarniitlelch) February 24, 2019

Нийт 1

  • katicalllklongouu

    Сайн уу Бүгд, Миний нэр Эрхэм Ариутцэцэг, Би Улаанбаатар хотод Монтенегро хотод амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? би гэр бүлийнхээ ядуу нөхцөл байдлаас аврагдсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч байсан, 22,000 зээл хэрэгтэй байсан, 00 доллар миний амьдралыг эхэлж байхдаа би энэ шударга ёсыг олж харсан 3 хүүхэдтэй ганц бие ээж учраас бурхан нь 22000.00 долларын зээлийг надад өгч буй зээлдүүлэгчээс айдаг хүн, тэр бол Бурханаас айдаг хүн, хэрэв танд хэрэгтэй бол Зээлээ төлж, зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнийг хатагтай Шарон гэж хэлээрэй. доктор Оливертай холбоо барина уу / whats-App Холбооны дугаар +13075431042 и-мэйл: (joseluisloans@gmail.com) Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх