Хянан шалгах түр хорооны хаалтын өдөр
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд
гэрчээр дуудагдан хариулт өгсөн билээ.
Тухайн сонсгол дээр яригдсан сэдвийн дагуу тодруулга авлаа.
Таниас цаг үеийн асуудлаар товч тодруулга авахыг зөвшөөрсөнд баярлалаа. Тодорхой хариулт авах үүднээс би шууд асууя. Нүүрсний сонсголын хаалтан дээр Д.Амарбаясгалан болон танай ах хоёрыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж зарлалаа. Таны ах Ц.Ламжавын Админерал компанийн Бор тээгийн уурхайд барьж байгаа баяжуулах үйлдвэр Д.Амарбаясгалантай ямар холбоотой юм бэ? Админерал нь Д.Амарбаясгалангийн компани юм уу?
Ямар ч холбоо хамааралгүй. Нэгдмэл ашиг сонирхолтой гэж тайлбарлаж байгааг нь би өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхөөр орохдоо сонсголын танхимд үзсэн.
Говь-Алтай аймгийн аль дээр үед 1998 оны төгсөгчдийн байгуулсан “ТӨРӨЛХ АЛТАЙ НҮТББ”-ын удирдах зөвлөлийн гишүүдийн дунд Д.Амарбаясгалан дарга болон миний нэр байсныг гаргаж ирээд нэгдмэл ашиг сонирхолтой гэж тайлбарлаж байгаа юм.
Тэнд барьж байгаа нэг үйлдвэр Ц.Чулуунзагдын хамааралтай хүн болж таарангуут Д.Амарбаясгалан хамааралтай л байж таараа гэдэг буруу төсөөллөөр зориуд харлуулах дүгнэлт гарсан байна лээ. Би таниас асууя. Гучаад жилийн өмнө та аймгийнхаа нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлд байжээ гэж бодъё...
Би тэр үед аймгийнхаа сурагчдын холбооны удирдах зөвлөлд байсан шүү.
За тэгвэл тэр үед та хамт сурагчдын холбооны удирдах зөвлөлд цуг байсан хүмүүстэйгээ одоо нэгдмэл сонирхолтой юу? Тэдний чинь нэг энд нүүрсний сонсголд дуудагдахад тухайн үеийн сурагчдын холбооны удирдах зөвлөлд байсан хүүхдүүдийг, та нарыг бүгдийг нь энд байгаа хүнтэй нэгдмэл ашиг сонирхолтой нүүрсний хулгайч гэж улс даяар зарладаг юм байж болох уу?
Тэгээд бас нэг хуулийн этгээд байгаа. Тэр нь Монгол Ардын Намын дэргэдэх нэг төрийн бус байгууллага. Тэр хуулийн этгээдийг байгуулахад компанийн тухай хуулинд заасан тооны хүмүүс удирдах зөвлөлд байх шаардлагатай болохоор тухайн үед намын ажлын албанд байсан хүмүүс л нэрсээ өгөөд байгуулчихгүй юу. Тэр чинь ашгийн төлөө бус, Д.Амарбаясгалан гэдэг хүний, бас Чулуунзагдын төрийн бус байгууллага биш, Монгол ардын намын дэргэд байгуулагдсан хуулийн этгээдүүдийн л нэг.
Админерал компанийн захирал Ц.Ламжав ахынхаа тухай яриач?
Манай энэ ах намайг жоохон хүүхэд байхад л бизнес хийдэг байсан. Төдийгөөс өдийг хүртэл бизнесээ хийж явахдаа бид нараас тусламж авах байтугай зөвлөгөө асууж ч үзээгүй. Би ахынхаа компанийн дотоод асуудалруу өнгийж, компанийг нь төлөөлж уулзалт хийж байсан удаа нэг ч байхгүй. Би чинь өөрөө тусдаа оюутан байхаасаа л бизнес хийж эхэлсэн.
Таны хийж байсан бизнес дунд нүүрстэй холбоотой юу байсан бэ?
Би КТМС-ийг програм хангамж мэргэжлээр төгссөн. Мэргэжлийнхээ дагуу IT мэдээлэл технологийн салбартаа л энэ төрлийн старт апп-уудтай шинэ санаачилга гарган олон бизнес хийсэн. Үнэнийг хэлэхэд ихэнхи нь бүтэлгүйтэж байсан. Тэгсэн ч ахиад энэ салбартаа л бизнес эхлүүлдэг байлаа. Энэ салбартаа дуртай. Нүүрсний бизнесийн тухайд би мэдэхгүй. Бодож ч байгаагүй. 2018 онд улс төрийн намд ажиллах хүртэлээ төрд ажиллаж үзээгүй. Одоо ч төрийн өндөр албан тушаалтан биш шүү дээ. Надтай надгүй миний тэр ах өөрийнхөө замналаар бизнесээ хийж ирсэн.
Тэгвэл намд ажилладаг статус чинь өөрийнхөө замналаар явдаг ахын чинь бизнесийг эрсдэлд оруулаад, дээр нь Д.Амарбаясгалан гэдэг хүний улс төрийн нэр хүндийг унагах шалтгаан болоод байгаа юм уу?
Хэрэг нь байхад хүн нь олдоно гэж үг байдаг даа. Энэ хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ашиглаж ирэх сонгуулийн өмнө өрсөлдөгчдөө харлуулах улс төрийн технологи явагдаж байна гэж би хардаж байна. Өөр зүгт гал асааснаар жинхэнэ хулгайчдыг гаргаж ирэх иргэдийн шаардлага сарних вий. Ер нь бол сарниж байгаа нь харамсалтай. Өнөөдөр тэр их нүүрсийг бүртгэлгүй хил давуулдаг байсан том эрх мэдэлтэй бүлэглэлүүдийг хэн, хэн удирддаг байсныг нэхэн шаардах биш хаа хамаагүй хүний нэрийг нүүрсэн дээр наагаад харлуулаад дайрч байна. Үнэхээр харамсалтай.
Д.Амарбаясгаланг хаанаас ингэж харлуулж дайрч байгаа гэж?
Шууд хэлэхэд ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс уурандаа ийм технологи зохиож, хянан шалгах түр хороо гэгч нь тэрнийг нь гүйцэтгэж байх шиг байна. Буянгийн Жагаа гуайг харлуулах болохоор л Марубен гэж нэг сэдэв гаргаж ирдэг шиг Д.Амарбаясгалан гэдэг хүнийг харлуулах нэг шошго болгох бололтой. Шуудхан хэлэхэд ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨГЧӨӨ НАМНАХ УЛС ТӨРИЙН ЗОДООНЫ ХЭРЭГСЭЛ СЭДЭВ БОЛЖ БАЙГААД ЭМЗЭГЛЭЖ БАЙНА.
Х.Мандахбаяр гэдэг хүнтэй таныг бас нэгдмэл сонирхолтой гэж зарласан?
Би олон хүнтэй бизнес эхлүүлсэн гэж сая хэлсэн дээ. Тэр дунд одоогоос 10 гаруй жилийн өмнө Х.Мандахбаяртай нэг компани байгуулж байсан. Тухайн үеийн компаниуд татан буугдах нь буугдаад, үлдсэн ганц нэг нь үйл ажиллагаа явуулдаггүй Х тайлантай байдаг. Х.Мандахбаяртай хамт эхлүүлсэн зиндаа.мн сайтаа тийш нь шилжүүлж өгөөд дундын компаниа татан буулгаад тэр үедээ цэгцэрсэн. Өнөөдөр тэр хүн чинь тусдаа медиа бизнестэй. Тэр 10 жилийн өмнө татан буугдсан нэг компанийг улсын бүртгэлийн архиваас ухаж гаргаж ирээд бас л нэгдмэл сонирхолтой гэж байгаа харагдана лээ.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй ямар учраас нэгдмэл ашиг сонирхолтой гэгдэж байгаа билээ?
Манай нэг хамаатны эгчийн хүүхэд нь Н.Өнөрцэцэгтэй дундын компанитай юм байна л даа. Тэрнийг нь бас надтай хамаатуулж байгаа юм. Өнөрөө сэтгүүлч над дээр бизнес ярьж ирээд, бид нар тийм зүйл дээр ойлголцох хүмүүс биш байх аа. Тэгээд ч тэр компани нь нүүрстэй ямар ч холбоогүй компани байна лээ шт. Ер нь яаж ийгээд нэгдмэл ашиг сонирхолтой болгоё гэвэл чи бид хоёрыг ч холбох боломжтой. Ялангуяа цөөхөн Монголчуудын хувьд энэ хэцүү биш.
Та тэгээд сонсгол дээр яагаад энийгээ хэлээгүй юм.
Түр хорооны дарга нь шинжээчдийн боловсруулсан алдаатай мэдээлэл дээр тулгуурлаж баахан буруу дүгнэлт гаргаад үг хэлэх, залруулах боломж олгоогүй.
Буруу дүгнэлт гэснээс Админерал компанийг нийгмийн даатгал төлж үзээгүй гээд зарлахад захирал нь нийгмийн даатгал төлдөг баримт, дээр нь улсад олон тэрбумын татвар төлдөг баримт гаргаад ирсэн. Улсад хэдэн төгрөгний татвар төлсөн байсан бэ?
Би мэдэхгүй шүү дээ. Наад яриад байгаа компанийн тухай асуултыг тэр компаныхнаас нь өөрсдөөс нь асуу!
Ярилцсанд баярлалаа.
Нийт 0