МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ТАНДАН СУДАЛГАА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ТАНДАН СУДАЛГАА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад байгаль орчин, цаг уурын тандан судалгаа үүсэж, хөгжсөний 50 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна. Энэхүү хурал байгаль орчин, цаг уурт зайнаас тандан судалгаа үүсч хөгжсөн түүхэн замнал, ололт амжилт, сансрын цаг уурын хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, үр дүнгийн талаар хамтран хэлэлцэж, орчин үеийн технологи, чиг хандлагын тухай туршлага судлах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгын дор зохион байгуулагдаж байгаа юм.

Хуралд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Монгол улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Байгаль орчны гавъяат ажилтан, Байгаль орчны сайд асан Др.Проф Ц.Адъяасүрэн болон байгаль орчин, ус цаг уурын тандан судалгааны эхлэлийг тавилцсан ахмад инженерүүд, одоо энэ албыг үргэлжлүүлэн хөгжиж дэвших их үйлсэд хүчин зүтгэж яваа залуу үеийнхэн оролцож байна.

Монгол улсад 1970 оны 12 дугаар сард хамгийн анх удаа хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах газрын станцыг Дэлхийн цаг уурын байгууллагын шугамаар байгуулж, Ус цаг уурын шинжилгээний институтэд суурилуулан ашиглалтад оруулснаар Монгол улсад ус цагуур, байгаль орчны салбарт тандан судалгааны ажил үүсэж хөгжих эхлэл тавигдсан түүхтэй.

1980-аад оноос эхлэн сансарын хиймэл дагуулаас тоон мэдээлэл хүлээн авах, боловсруулах ашиглах болсон нь технолгийн хувьд дэвшил болсон төдийгүй мөн хүний нөөцийг хөгжүүлэх талаар үлэмж ахиц гарсан байна. Түүнээс хойш сансраас тандан судалгаа хийх үйл ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны олон салбарыг хамарч, мөнхүү олон улсын түвшинд хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар сансрын тандан судалгааны чиглэлээр Монгол улсад 50 гаруй эрдэмтэд төрж гарсан бөгөөд сансрын тандан судалгааны ажлын үр дүн, өгөөж нь нийгэм, эдийн засгийн хэрэглээ болж төлөвшсөн байна.

Сансрын байгаль орчны тандан судалгаа нь цаг уур, ус судлал, ой зүй, ургамал судлал, хөдөө аж ахуй, хүрээлэх орчин, байгалийн гамшиг зэрэг байгаль орчны бүхий л салбарт гүн гүнзгий нэвтэрч, мэдлэг оюуны нэгэн түүчээ болон хөгжиж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсээр байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх