“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ёсчилон Эзэн Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах ёслолоор эхэлсэн хичээлийн шинэ жилийн нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, төгсөгчид оролцсон юм.
Нээлтийн ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ, “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан, техник, уул уурхайн салбарт 12000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэснийг тэмдэглэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдын 56 хувь нь энэ сургуулийн төгсөгч байгаа нь бахархалтай хэмээн онцлов. Мөн “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн үйл ажиллагаа энэ хичээлийн жилээс улам өргөжиж байгааг дуулгасан юм. Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор “Эрдэнэт” цогцолбор дээр сургууль харьяандаа политехникийн коллежийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Түүнээс гадна 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Орхон аймаг дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуульд нэгтгэсэн байна. Түүнээс гадна 1375 айлын хотхон бүхий “Уурхайчин-1,2,3” хороолол дунд тус дээд сургуулийн харьяа дунд сургуулийн барилгын ажлыг энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэрээр ийнхүү олон шинэ мэдээлэл хүргэсний дараа ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийг, энэ хотыг авч явах оюутан залууст хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
2022-2023 оны хичээлийн жилд Олон улсын ISO 21001:2018 стандартын шаардлага хангасан боловсролын үйлчилгээ үзүүлж буй “Эрдэнэт” цогцолбор дээд сургуульд 160-аад хүүхэд элсэж, нийт 600 гаруй хүүхэд суралцахаар хичээлдээ орлоо. Өмнөх жилүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотоос болон бусад аймгаас элсэн суралцагчид эрс нэмэгджээ.
Нийт 0